Дэлхий нийтээр..
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана
Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласны хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлох, бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын бодлогоор дэмжих зэрэг бодлого, зорилтууд гараанаас гарч байна. Энэ онд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээ төлөвлөсөн” гэдгийг тодотголоо.
Эдгээр ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны гишүүд, төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо. Цаашлаад бүсүүдийн хөгжлийн зорилтот хөтөлбөр болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан холбогдох хуулиудыг шинэчлэн боловсруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулах шаардлагатайг сануулав.
2025 онд бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, олон талт арга хэмжээг зохион байгуулах хүрээнд;
- Бүсийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн татвар, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бодлогын санал зөвлөмжийг боловсруулах;
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбарын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх;
- “Бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөр”-ийн төсөл боловсруулахад салбарын хөгжлийн зорилт, арга хэмжээг бүс бүрээр тодорхойлох;
- Бүсүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төслийг хийж гүйцэтгэх;
- “Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан"-ыг бүс тус бүрд зохион байгуулах, Ингэхдээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг тухайн бүсэд зохион байгуулж, бүсийн хөрөнгө оруулалтын төслийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулах;
- Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах;
- “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг салбар хоорондын уялдааг хангах, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хянах орон зайн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, удирдлагын нэгдсэн цахим платформ хөгжүүлж, олон нийтэд хүргэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Хуралдаанд Үндэсний хорооны гишүүд, Шадар сайдын Ажлын алба болон аймгийн Засаг дарга нар, тамгын газрын холбогдох албан тушаалтнууд цахимаар оролцлоо.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
