Дэлхий нийтээр..
Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан нар БНСУ-ын “КОПИА” Монгол төвийн захирал У Мён Гюү, төслийн Монгол талын удирдагч Ж.Шинэхүү, төсөл хариуцсан ахлах ажилтан Г.Балжинням нарыг хүлээн авч уулзлаа.
“КОПИА” Монгол төв нь Монгол Улсад “Ногоон тэжээл тариалах технологи хөгжүүлэх”, “Монгол оронд тохиромжтой махны үхэр үржүүлэх”, “Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах загвар сум” төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байна.
Энэ онд “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох” төслийг эхлүүлэх юм.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтын эхэнд “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох” төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих ёстойг санууллаа. Мал аж ахуй, газар тариалан хосолмол байдлаар хөгжиж, мах, сүүний чиглэлийн үхрийг Төвийн бүсэд хөгжүүлэх Засгийн газрыг бодлогыг танилцуулсан юм.
Түүнчлэн БНСУ-ын хүнсний стандартадад нийцсэн бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд нийлүүлэх, малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэв. Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үлгэр жишээ загварыг бий болгох нь чухал. Үүнд КОПИА төсөл чухал үүрэгтэй оролцох ёстой. Тиймээс төсөл богино хугацаанд үр дүнд хүрэх нь чухал. Малчин, тариаланч, орон нутгийн засаг захиргаа, Засгийн газрын бодлого хамтдаа хэрэгжих тул хөдөө аж ахуйн загварыг бий болгох нь нэн тэргүүний зорилт байх болно гэдгийг онцоллоо.
“КОПИА” Монгол төвийн захирал У Мён Гюү “Монголын малын гаралтай бүтээгдэхүүний гарц БНСУ-тай харьцуулахад 62 хувиар бага байгаа судалгаа гарсан. Тиймээс малын ашиг шим, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгоно. Малын тооноос хамаарсан бэлчээрийн доройтол, удмын сантай холбоотойгоор тоо толгой буурч байгаа тул үүнд анхаарч ажиллана. Ферментжүүлсэн тэжээлийн үйлдвэр байгуулж, ашигтай бичил биетийн шингэн үйлдвэрлэх нөхцөл боломжийг бий болгоно” гэдгийг хэллээ. ХХААХҮ-ийн сайдын хэлсэн саналуудыг төсөлдөө тусган богино хугацаанд үр дүнд хүрэхэд хичээж ажиллах болно гэсэн юм.
Уг төсөл нь ферментжүүлсэн багсармал тэжээл боловсруулалтыг эрчимжүүлэх замаар малын гарц болон чанарыг сайжруулж өрхийн орлого, хэрэгцээт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, малын ашиг шимийг сайжруулах зорилгоор зохиомол хээлтүүлгийн технологийг нэвтрүүлж, ажиллах хүчин бэлтгэх зорилготой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/04/12
Хуурайшилт ихтэй, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж б...
-
Дэлхий нийтээр..2020/12/21
Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэг /шууд
-
Дэлхий нийтээр..2020/04/03
Зөвшөөрөлгүй архи,согтууруулах ундаа худалдаалж байсныг зогсоолоо
-
Дэлхий нийтээр..2021/02/18
Шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулна
