Дэлхий нийтээр..
Орон сууцжуулалтын ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хэсэг тав дахь хурлаа хийлээ
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өмнөх хуралдаануудаар хэлэлцсэн асуудал, сонсож танилцсан мэдээллийг нэгтгэн, ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт, чанар, стандартыг дэмжих бодлогын талаар өнөөдрийн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр ногоон санхүүжилтийн эрэлт хангалттай байна гэсэн дүгнэлтийг хийж, харин нийлүүлэлт болон чанарын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэнээ танилцуулсан юм. Мөн тэрбээр нийлүүлэлтийг дэмжих 10, эрэлтийг дэмжих дөрөв, чанарыг дэмжих хоёр, эрэл болон нийлүүлэлтийг дэмжих гурав, гурвалсан буюу эдгээрийг гурвууланг дэмжих гурав, нийт 22 бодлогын чиглэлийг тодорхойлсон байна.
Барилгын салбарт хэрэгжиж байгаа норм нормативыг шинэчлэхэд хамгийн хурдтайгаар ажиллахад 10 жил шаардлагатайг тэрбээр хэлж, энэ талаар ямар ч алхам хийгдэхгүй явж ирсэнд харамсаж байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд олон улсад үнэлэгдэж байгаа ногоон санхүүжилтийн тэргүүлэх туршлагыг судлах, эрчим хүч, дэд бүтцийн бие даасан шийдэлтэй барилгын стандартыг батлах, ногоон зээл авах боломжтой давхаргыг тодорхойлж түүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар чанарын асуудалд илүүтэй анхаарал хандуулж, эрсдлээс сэргийлэх, чанар, стандартад тавих хяналтыг эзэнтэй болгох шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл одоо мөрдөгдөж байгаа стандартуудыг сайжруулж, боловсронгуй болгож явах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа ногоон санхүүжилтэд тавигддаг олон улсын шалгуур нөхцлүүд түвэгтэй тул эх үүсвэр татахад бэрхшээлтэй.
Ус, орлого зэрэг олон асуудал дээр тулаад гацдаг. Худалдан авах боломжтой давхаргад зориулсан хэрэгжихүйц шийдлүүдийг эрэмбэлж, боломжтойгоос нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэлээ. Тархмал дэд бүтэц л гол шийдэл тул үнэтэй ч байслаа гэсэн хийх ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний өртөг ихээхэн буурч, хүчин чадал нь нэмэгдээд байгааг дурдаж, энэ талаар ажил, алхам хийж байгаа зарим иргэд, аж ахуйн нэгжийн туршлагыг дэмжиж байгаа тухайгаа танилцуулав.
Ажлын хэсэг дараагийн хуралдаанаараа банк, санхүүгийн салбарын мэдээллийг сонсохоор тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
