Дэлхий нийтээр..
Хүний эрхийн дэд хорооны гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзав
Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан талаарх мэдээллийг уулзалтын эхэнд Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд дурдаад “Таван тулгуур зорилт бүхий энэхүү стратегийн нэгдүгээрт “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ” хэмээн тодорхойлсон. Үндсэн хуульдаа ч “…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно…” гэсэн атлаа хууль хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад шаардлагатай хүн төвтэй бодлогын шалгуураа огт тодорхойлоогүй явж иржээ. Ийм учраас эдийн засаг, улс төр, нийгмийн аль ч чиглэлээр шийдвэр гаргахдаа баримтлах хүн төвтэй бодлогоо хэрхэн тодорхойлох талаар бид ажиллаж байна” хэмээсэн. Үргэлжлүүлэн тэрбээр Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны талаар танилцуулаад, Улсын Их Хурлаас гаргаж буй бодлогын шийдвэрүүдийг гаргахдаа хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тухайлсан үйл явдлууд дээр парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцохоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйг хэллээ. Энэ ташрамд Хүний эрхийн дэд хорооны зүгээс иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх, мэдэх эрхийг хангах чиглэлд хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж буйгаа дуулгасан.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар оролцов.
Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хүсэлтийг хүлээн авч, энэхүү уулзалтыг зохион байгуулж буйд “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагын Өсөлт, хөгжил хариуцсан зохицуулагч Г.Сүхбат талархал илэрхийлэв. Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй төрийн бус байгууллагын нэгдэл “Хүний Эрхийн Форум”-ын 10 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирээд байгааг танилцууллаа. Тодруулбал, “Хүний эрх-Хөгжил төв”, “Үнэн хатамж”, “Сэтгэл мэдрэмж”, “Бүсгүйчүүд XXI зуун”, “Хэрэглэгч мэдээллийн сан”, “Үндсэн уртраг”, “Хил хязгааргүй алхам”, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”, “Татварт иргэн, хяналт”, “Монголын Эмнести Интернэшнл”, “Захиргааны шинэ санаачилга” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг буюу “UPR” нь тус байгууллагын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4.5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. “Хүний Эрхийн Форум”-аас хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны үнэлгээг гаргасныг “Хүний эрх, хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож дэлгэрэнгүй танилцуулав.
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс 2021 оны 05 дугаар сард 190 зөвлөмж ирүүлсний 170-ыг нь Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Энэ дагуу хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн (UPR) зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайланг Засгийн газраас гаргахдаа 170 зөвлөмжийн 11 нь бүрэн хэрэгжсэн, 88 нь хэрэгжиж байгаа бол 71 нь хэрэгжиж байгаа зарим зөвлөмжтэй давхацсан гэжээ. Засгийн газрын энэхүү тайлан гарсны дараа “Хүний Эрхийн Форум” үнэлгээ хийхэд 8 зөвлөмж хэрэгжсэн, 103 зөвлөмж хэрэгжиж байгаа, 59 зөвлөмжийг хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй, зарим зүйл дээр ухралт гарсан гэдэг дүгнэлт гарсан гэв. Ингээд энэхүү үнэлгээний дэлгэрэнгүй хувилбарыг Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж буйгаа дуулгасан.
Дараа нь “Татварт иргэн, хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Сарантуяа үйл ажиллагааныхаа талаар, мөн хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны үнэлгээтэй холбоотой мэдээлэл, байр сууриа танилцуулав. “Үндсэн уртраг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой санал илэрхийлж, “Үнэн хатамж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа Улсын Их Хурал хүн төвтэй бодлого баримталж ажиллахаар тодорхойлсныг дэмжиж буйгаа илэрхийлээд төсвийн төсөл, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийн мэдрэмжтэй байхыг уриалсан. Иргэдийн оролцоог бодитой болгох чиглэлд санаачилгатай ажиллах талаар, малчдын эрхийг дордуулсан эрх зүйн орчны талаар “Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхан саналаа илэрхийлсэн бол “Сэтгэл мэдрэмж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ч.Сэмжидмаа сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээрх 2022, 2024 онд Азийн 8 орны ажлын хэсэгт орж, хийсэн судалгааныхаа талаар мэдээлэл өгч, холбогдох тайлан, дүгнэлт, мэдээллийг Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж буйгаа дуулгасан. Улсын Их Хурлын шийдвэрээс гарах үр дагаврын талаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Г.Оюунтуяа санал хэлсэн.
Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн илэрхийлсэн байр суурь, санал, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нэгбүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлав. Нийгмийн тулгамдсан нэг асуудлын ард хүний эрхийн хөвөрсөн зөрчил үүсч байдаг талаар Г.Уянгахишиг гишүүн хэлсэн.
Дэлхийтэй Монгол Улсаа холбох, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд тууштай ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд С.Эрдэнэболд гишүүн талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. “Хүний Эрхийн Форум”-аас гаргасан хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх дунд хугацааны үнэлгээтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулах талаарх саналаа мөн танилцуулсан. Уулзалтад оролцогчдын тодруулсны дагуу Улсын Их Хурал дахь хүний эрхийн асуудал эрхлэх бүтцийн талаарх мэдээлэл, холбогдох баримт, олон улсын жишгийг Х.Тэмүүжин гишүүн тайлбарлаж, цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар саналаа хуваалцсан.
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг сар бүр зохион байгуулахаар товлож, энэ талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2025/09/24
"Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, ...
-
Дэлхий нийтээр..2021/11/15
Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид хэн хамаардаг вэ
-
Тод зураг2019/11/15
Нийслэлд өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоло...
-
Дэлхий нийтээр..2023/05/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
