Дэлхий нийтээр..
Вакцин үйлдвэрлэлийн Шугаман эсийн технологийн шинэ лабораторитой боллоо
Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (LCP) төсөл, Биокомбинат ТӨХХК хамтран Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Уг төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл авахаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар өчигдөр Биокомбинат ТӨХХК-д ажиллалаа.
Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төслийн төсөвт өртөг нь 385 мянган ам.доллар буюу 1.3 тэрбум төгрөг болсон байна.
Төсөл хэрэгжсэнээр 1973 онд Унгар улсын тусламжтай байгуулагдаж байсан Биокомбинат ТӨХХК 50 жилийн насжилттэй хуучин тоног төхөөрөмжөө орчин үеийн дэвшилтэд технологи бүхий лабораторийн 24 нэр төрлийн тоног төхөөрөмж болгон өргөтгөж шинэчилсэн байна. Ингэснээр вирусийн гаралтай вакцины уламжлалт технологийг өөрчлөн шугаман эс (cell line)-ийн технологид шилжүүлснээр биотехнологийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхи дээшилж, түүхий эдийн хараат байдлаас бүрэн ангижирч, вирусийн гаралтай вакцин, биобэлдмэлийн чанар, хүртээмж нэмэгдэх боломж бүрдсэн талаар Биокомбинат ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энх-Амар онцолсон юм.
Монгол Улс гадаад улсаас өндөр үнээр импортолдог бог малын мялзан болон үхрийн арьс товруутах зэрэг малын гаралтай өвчлөлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж, оношилгооны лаборатори бүрэн чадавхжаад байна.
Биокомбинат ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэн лабораторийн онцлог давуу тал, ажиллах орчин нөхцөл сайжирсан талаар ярьж, орчин үеийн дэвшилтэд технологитой болсноор вакцины дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, малын гаралтай өвчний оношилгоог цаг алдалгүй тодорхойлох боломжтой болсон гэсэн юм.
Тус ТӨХХК нь “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл”-ийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл хөнгөлөлттэй гурван тэрбум 490 сая төгрөгийн зээлд хамрагдан шингэн вакцины савлагааг автоматжуулах тоног төхөөрөмжөө сайжруулсан байна.
Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шингэн вакциныг савлах цехийн өрөө тасалгааг орчин үеийн GMP шаардлагад нийцүүлэн өөрчилж, үйлдвэрлэлд цэвэр орчин (clean room) бий болж, бүтээгдэхүүн бохирдох эрсдэлгүй болж, орчин үеийн автомат ажиллагаатай шинэ техник, тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Үйлдвэрлэлийн хүчин чадал одоогийнхоос 50-60 гаруй хувиар нэмэгдсэнээр нийт малыг вакцинжуулах хувийг 40-45 хувьд хүргэх боломжтой болж байгаа юм.
Биокомбинат ТӨХХК нь шинэ, техник, технологи нэвтүүлснээр үйл ажиллагааны зардал багасч, орон тоо хэмнэгдэж, түүхий эд материал, хөдөлмөр хамгаалал, дэд бүтцийн зардал болох цахилгаан, дулаан, уур, ус, нүүрсний зардал 10-30 орчим хувиар буурах юм байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/01/11
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Дэлхий нийтээр..2021/05/05
Нийслэлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван хөтөлбөр хэрэгжинэ
-
Дэлхий нийтээр..2021/09/14
Мягмар гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Дэлхий нийтээр..2021/07/27
Багахангай дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна
