Дэлхий нийтээр..
“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлав
УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Энэ талаарх Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Тэрбээр, Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан холбогдох хууль, тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн гэв.
Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа.
Түүнчлэн тогтоолын төслийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Амарсайхан, М.Бадамсүрэн, Ж.Баярмаа, Ж.Батжаргал, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Уг тогтоолд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв.
Дэлхий нийтээр..
Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Украинд Оросын дрон довтолгооны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Чернигов хотод болсон шөнийн довтолгооны үеэр 16 настай хүү амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бол орон сууцны барилгууд галд өртсөнийг орон нутгийн захиргаа онцоллоо. Мөн Херсон хотод дрон тээврийн хэрэгсэлд цохилт өгсний улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн шархадсан байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор нийт 236 дрон харваснаас 203-ыг нь устгасан ч үлдсэн хэсэг нь хэд хэдэн байршилд онож, хохирол учруулжээ.
Үүний зэрэгцээ Украин хариу цохилт өгч, ОХУ-ын Таганрог хот дахь дрон үйлдвэрлэлийн үйлдвэрийг онилон цохилт өгсөн талаар цэргийн удирдлага мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр гал гарч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хохирол учирсныг албаныхан дурдлаа.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр тал харилцан дрон ашигласан довтолгоог эрчимжүүлж буй нь дайны шинэ шатанд шилжиж буйн илрэл бөгөөд иргэний дэд бүтэц, энгийн иргэдэд учрах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ Ормузын хоолойд Ираны хөлгийг саатуулж, хяналтдаа авлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсанд нийтлэхдээ АНУ-ын тэнгисийн явган цэргүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Ираны далбаатай ачааны хөлгийг саатуулж, хяналтдаа авсан талаар мэдэгдэв.
Түүний мэдээлснээр уг хөлөг Ормузын хоолойд хэрэгжиж буй АНУ-ын тэнгисийн хоригийг зөрчин нэвтрэхийг оролдсон бөгөөд анхааруулгыг үл тоомсорлосны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч хөлгийг саатуулжээ.
АНУ-ын талын мэдээлснээр тус хөлгийг саатуулах явцад тэнгисийн цэргийн хөлөг онгоц хөдөлгүүрийн хэсэгт нь чиглэсэн гал нээсний дараа ажиллагааг зогсоож, улмаар тэнгисийн явган цэргүүд хөлөгт нэвтэрч хяналт тогтоосон байна.
Одоогийн байдлаар Ираны талаас уг үйл явдалд шууд тайлбар өгөөгүй байгаа ч зарим эх сурвалжид уг ажиллагааг буруушааж, хариу арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн талаар мэдээлжээ.
Энэхүү үйл явдал нь дөрөвдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн АНУ-ын тэнгисийн хоригийн хүрээнд хүч хэрэглэсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Одоогоор Ираны талаас уг үйл явдалд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
-
Дэлхий нийтээр..2024/10/02
МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүлжээ
-
Үйл явдал2020/10/08
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/11/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айл...
-
Дэлхий нийтээр..2020/02/29
Булган аймгийн Ардчилсан намын удирдлагууд 1000 хонь хандивлана
