Дэлхий нийтээр..
Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна
Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна.
Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд болж байна.
Сургалтад нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалын 300 албан хаагч оролцож байгаа бөгөөд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар нээж, үг хэллээ.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүй”, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул “Ёс зүйн зөрчил, эрх зүйн үндэслэл, хариуцлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нийтлэг үүрэг, хариуцлагыг тогтоож өгсөн. Тухайлбал, төрийн албан хаагч иргэдийн асуудлыг анхааралтай сонсож, хууль тогтоомжоор олгосон үйл ажиллагааны хүрээнд хариу өгдөг байх ёстой. Тиймээс төрийн албан хаагч мэргэжил болон харилцаа хандлагын хувьд ямар үүрэг хүлээж байна вэ гэдгийг сургалтаар хэлэлцэн таниулж байна. Мөн албан хаагч алдаа гаргах нөхцөл байдал хэрхэн үүсэж байна вэ гэдгийг тодорхойлж, алдаа, зөрчил гаргахгүй байлгахад сургалт чиглэлээ. Өнөөдрийн сургалтад оролцож байгаа нийслэл болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд эдгээр хэм хэмжээ, үүрэг, зарчмыг манлайлан мөрдүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд “Төрийн албан хаагч хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч, шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх ёс зүйн зарчмыг баримтална” хэмээн заажээ. Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёлыг өдөр тутмын энгийн үйлдлээс эхэлж сайжруулдаг. Албан хаагч хувийн харилцаа, хандлага болон иргэдийн хүсэлтийг шийдэхэд сэтгэл гаргаж ажилладаг байх тал дээр анхаарах хэрэгтэйг сургалтын үеэр онцоллоо.

Төрийн албан хаагч ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөх үүрэгтэй. Эдгээр үүрэг, хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ёс зүйн хүрээнд байнгын мөрдөж занших ёстойг сургалтаар танилцуулж байна.



Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2020/08/01
Дархан-Уул аймагт энэ жил 1200-1500 м2 талбайд замын нөхөөс хийнэ
-
Дэлхий нийтээр..2022/11/07
Хятадын Олон улсын импортын экспо арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцо...
-
Үйл явдал2020/07/02
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Үйл явдал2025/04/09
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
