Үйл явдал
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөг батлав. Нийт 22 хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд цахим хэлбэрээр виз олгох урьдач нөхцлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах зэрэг Монгол Улсын визний талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтууд тусгагдсан байна.
- “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани болох “Амгалан дулааны станц” ХХК –ийг төрийн өмчит компани болгов. Тус станц нь 3 үндсэн цех, 1 алба, 2 хэлтэс, 7 хэсэгтэй 180 гаруй ажилтантай. 2019-2020 онд 716.5 мян/Гкал дулааны эрчим хүч түгээж, 19,969.2 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 50Мвт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх төслийг эхлүүэх боломж бүрдэх юм.
- Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлав. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нөхцөл, шаардлага тавих, өргөн нэвтрүүлгийн хэт төвлөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх нэмэлт боломж нээгдэх юм.
- Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээнд өөрчлөлт оруулах тухай протоколыг батлав.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2022/08/02
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
-
Дэлхий нийтээр..2025/03/17
Энэ сарын 19-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
-
Хэн юу хэлэв...2020/02/17
Төрийн байгууллагууд амны хаалт хэрэглээгүй иргэнд үйлчлэхгүй
-
Үйл явдал2025/12/10
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цаг...
