Дэлхий нийтээр..
ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн зарчмын зөрүүтэй 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин зарчмын зөрүүтэй 1 санал гаргаж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төсөл дэх татвартай холбоотой зохицуулалт, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулах зохицуулалтын талаар тодруулж, хариулт авав. Төслийн хүрээнд 14 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах бөгөөд цаашдаа энэ хувь өсөх тооцооллыг ажлын хэсэг тайлбарласан. Уул уурхайн компани болон орон нутгийн харилцааг тодорхой болгож, улмаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хуульд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Ганбаатар гишүүн илэрхийлсэн юм.
Х.Ганхуяг гишүүн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ийнхүү тодорхой төрлийн ашигт малтмал дээр тусгайлан зохицуулах нь оновчтой эсэхээр тодруулсан. Цацраг идэвхт ашигт малтмал учраас Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд тусгайлан зохицуулах нь оновчтой, бусад тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Үргэлжлүүлэн М.Бадамсүрэн гишүүн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуваарилалттай холбоотой асуудлаар, Л.Мөнхбаясгалан гишүүн энэхүү төслөөс бүс нутагт үзүүлэх нөлөөлөл, цаашдын үр ашгийн талаар тодруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Энэ зүйлтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал нар асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Дараа нь төслийн мөн зүйлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Үргэлжлүүлэн төслийн 4 дүгээр зүйлийг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Гишүүд энэ зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй юм. Төслийн 5 дугаар зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасангүй.
Ийнхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/11/06
Саудын Арабын цөлд түүхэндээ анх удаа цас оржээ
-
Үйл явдал2020/11/11
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.11.1...
-
Дэлхий нийтээр..2022/05/18
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох алб...
-
Үйл явдал2020/05/19
Хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа
