Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас орно.
2024 оны аравдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

2024 оны аравдугаар сарын 29-нөөс 2024 оны арванэгдүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11-р сарын 01-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 1-нд ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
