Үйл явдал
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил байгаа нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр байна
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран зохион байгуулж байна.
Энэ хүрээнд хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад төлөвлөгөөг танилцууллаа.
Арга хэмжээг ГБХНЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын дарга Н.Баярмаа нээж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх шийдлийн талаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл өгөв.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан. Дараагийн шатны энэхүү төлөвлөгөө нь 2024 оноос 2027 онд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 4 зорилт 36 үйл ажиллагааг төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм.
Төлөвлөгөөний 4 зорилтод:
-Хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах
-Зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, зуурдын нас баралтыг бууруулах
-Үндэсний хэмжээнд хүйсээр ангилсан мэдээллийг өргөтгөн сайжруулах, жендэрийн дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогод тусгах замаар олон талт хамтын ажиллагааг дэмжих асуудлууд багтаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2022/08/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Чөлөөт бүс2019/09/12
Хараагдсан далбаат хөлгийн бодит түүх
-
Дэлхий нийтээр..2023/04/13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /Үдээс өмнөх/
-
Дэлхий нийтээр..2023/08/04
Үйлдвэрийн гудамж, Гачуурт-Шархад чиглэлийн замын ажил 50 гаруй хувьтай байна
