Дэлхий нийтээр..
Монголын парламентын бүлгэмийг байгууллаа
Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг 2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хийлээ. Анхдугаар хурлаар Улсын Их Хурлын гишүүдийг Монголын парламентын бүлгэмийн гишүүдээр батлан, бүлгэмийг шинэчлэн байгуулсан тогтоолыг гаргах, Бүлгэмийн дүрмийг батлах, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох болон Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хурлын эхэнд, 2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд Монголын парламентын бүлгэмийг шинээр байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцуулсан юм.
Олон Улсын Парламентын Холбооны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэн ажиллах зорилго бүхий тус бүлгэм нь гишүүдийн сайн дурын, олон нийтийн байгууллага бөгөөд 126 гишүүнтэй уялдуулан шинэчилсэн парламентын бүлгэмийн дүрмийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа Үргэлжүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, уг дүрмийн 6.1-д Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хороог 13 гишүүнтэй байхаар, 6.2 болон 6.3-т Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд болон, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлнэ гэж заасны дагуу ирүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг уншиж танилцууллаа. Гүйцэтгэх хорооны даргаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Гүйцэтгэх хорооны дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Гүйцэтгэх хорооны гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Э.Болормаа, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нарын гишүүдийг дэвшүүлжээ.
Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, бүрэлдэхүүнийг баталсан тогтоолын төслийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан бүлгэмийн нийт гишүүд, шинээр сонгогдсон Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, бусад гишүүдэд амжилт хүссэнээр хурлыг үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Х.Булгантуяа удирдсан юм. Тэрбээр, бүлгэмийн дүрэмд Улсын Их Хурлын гишүүн хоёр талын парламентын бүлэг байгуулж, даргаар ажиллах болон парламентын бүлэгт дэд дарга, гишүүнээр элсэж ажиллах хүсэлтээ бичгээр ирүүлнэ гэж заасныг тодотгов.
Түүнчлэн парламент хоорондын бүлэг байгуулах, элсэн ажиллахдаа тухайн улстай холбогдох ажил мэргэжлийн туршлага болон хамтын ажиллагааны зорилтот санаачилга зэргийг харгалзан үзэх нь зүйтэйг дурдлаа. Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хоёр талын парламентын бүлгүүд байгуулагдсан тухай Гүйцэтгэх хорооны даргын захирамж гарснаар өдөр тутмын үйл ажиллагааг нь олон талт хэлбэрээр эрчимжүүлэхэд Улсын Их Тамгын газар дэмжин ажиллана гэдгийг хуралдааны төгсгөлд тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2025/12/03
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш Монгол хэл бичгээр эхэлнэ
-
Дэлхий нийтээр..2025/04/14
"Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан" Хангайн бүсээс эхэллээ
-
Дэлхий нийтээр..2023/03/14
Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ
-
Дэлхий нийтээр..2026/03/17
Ойрхи Дорнодын улсуудад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугаа иргэдийн ан...
