Дэлхий нийтээр..
Бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэхийг зөвлөж байна
Хүүхэд алдаанаасаа айх бус засаж залруулан суралцах боломжийг бий болгох үүднээс энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын бичгийн хэрэгсэлд харандаа ашиглахыг багш, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.
Харандаа ашигласнаар хүүхэд буруу бичсэнээ баллуурдан, хялбархан засаж, бие даан суралцаж, хөгжих боломжтой.
6 настай сурагчдын гарын сарвууны хөгжлийн онцлог, олон улсын туршлага, ач холбогдлыг харгалзан үзвэл харандаа нь бичихэд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Бага сургуулийн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь эхлээд шууд үзгэн балаар бичүүлдэг. Буруу бичихэд нь алдсан үгэн доогуур нь зуруулаад дахин хуулуулдаг. Энэ бол хүүхдийг шийтгэж байгаа нэг хэлбэр. Алдаа хийх эрхийг нь тэр хүүхдэд олгох ёстой. Хүүхэд алдаанаасаа айдаг биш засдаг, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжуудыг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана” хэмээн онцлов.
Бага ангийн хүүхдийг анхлан бичүүлж сургахдаа үзэг, балаас гадна харандаа хэрэглэдэг туршлага олон улсад түгээмэл бий. Тухайлбал, боловсролоороо дэлхийд тэргүүлж буй Финланд Улс харандаагаар бичих нь хүүхдэд алдаагаа арилгах боломж олгож, улмаар сурагчдад үүсэх стрессийг бууруулдаг гэж үздэг. Харин Германд хүүхэд алдаа гаргахаас санаа зовдоггүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд харандаагаар бичих, зурах зэрэг суурь чадварыг сайн эзэмшсэний дараа аажмаар үзэг хэрэглүүлдэг байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.




Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2020/09/17
ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа
-
Дэлхий нийтээр..2023/12/21
ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа
-
Дэлхий нийтээр..2025/10/27
Түлш тээврийн гэрээгээ муу биелүүлсэн 2 компанийг хар жаргаалтад оруулжээ
-
Дэлхий нийтээр..2020/10/09
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК ОБЕГ-тай хамтран ажил...
