Дэлхий нийтээр..
Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглолоо
Нийслэлийн онцгой комисс энэ сарын 25-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо. Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1033 үндсэн ортой бөгөөд 272 орыг нэмэлтээр, 40 насанд хүрэгсдийн орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Мөн 93 орыг нөөц орон зайд байрлуулан орны зохицуулалтыг хийж, нийт 1438 ортойгоор ажиллаж байна” гэлээ.
Мөн тэрбээр хуралдаанд шинэ коронавирусийн халдварын талаарх товч мэдээллийг хүргэлээ. 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар нийт 848 хүн өвчилсөн, 25 хүн нас барсан, 95 хүний биеийн байдал хүнд, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн, нийт өвчлөгсдийн 27 хувийг 16-39 нас, 72 хувийг 40-өөс дээш насныхан эзэлж, 64 хувь нь эрэгтэйчүүд байна. “Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны Нийслэлийн төлөвлөгөөг батлан гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын халдваргүйтгэл, ариутгалын бодис, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, яаралтай тусламжийн эм, тариа, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тусгаарлах өрөөний нөөцийн судалгааг шинэчлэн гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээж байна. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан сургалт зохион байгуулж, нийт 360 хүнийг хамрууллаа” гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар онцолж хэлэв.
Дараа нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал М.Тунсаг “Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй байгаа” тухай мэдээллийг НОК-ийн гишүүдэд танилцуулаад ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ хамтран урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тасралтгүй хүргэж ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.
Хуралдаанаар “2019-n-CoV” буюу шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ, авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хүргэлээ. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-нд коронавирусын халдварын цаг үеийн нөхцөл байдал, уг халдвараас сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн хяналтын чиглэлийн 70 гаруй улсын байцаагчдад сургалт зохион байгуулан улсын байцаагчдыг чадавхижуулах, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Мөн шаардлагатай гааль болон бусад газруудад хяналт шалгалтыг тогтмол хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн Нийслэлийн онцгой комиссын гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас асуулт асууж, мэдээлэл авч санал хэлсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва “Урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй хамтрах хэлтэс тогтмол зохион байгуулж, иргэдэд мэдээллийг цаг алдалгүй өгч ажиллах шаардлагатай. НИТХ-ын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай шаардлагатай гаргах шийдвэр байвал шуурхай шийдвэрлэн ажиллах болно” гэв.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Даваа гарагаас эхлэн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлээс үл хамааран бүх сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байх шаардлагатай. Энд холбогдох газрууд маш сайн хяналт тавьж ажилла. Ямар нэг байдлаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг ажилласан байвал энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай дүйцүүлэх ойлгох хэмжээний асуудал. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай. Онцгой комисс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллан иргэдэд цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллах нь зүйтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа гадна дотны иргэдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Шинэ вирус хөрш улсуудад эрчимтэй тархаж, хил орчим илэрч байгаа учраас хот руу орох хяналтын цэгүүдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллана. Эрүүл мэндийн газар шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийнхээ жагсаалтыг гаргаж танилцуул. Ханиад томуугаар өвчилсан хүүхэд багачуудын тоо өсөж байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүд хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээнд онцгой анхаарч ажилла. НЭМГ шаардлагатай тоног төхөөрөмж авах судалгаа тооцоог гаргаж, холбогдох газруудад өгөх хэрэгтэй, боложтой зардлыг шийдэж ажиллана” хэмээлээ.

Мөн дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад хандан олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулахгүй байхыг Хотын захирагч үүрэг болголоо. Түүнчлэн урьдчилан сэргийлэх гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүргэх ажлыг эрчимжүүлэх. Үүнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг Нийслэлийн онцгой комисс дээд шатны байгууллагад тогтмол хүргэж ажиллах шаардлагатайг дурьдлаа. Мөн нийслэлийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчид маск зүүж, гар барихгүй байхыг нэн даруй хэвшүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.
"Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийж ажиллах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан, компьютер тоглоомын газар, их дээд сургуулийн нэгдсэн арга хэмжээг хориглон бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээнд дагуулж явахаас зайлсхийх хэрэгтэй эцэг эхчүүдэд таниулах, сурагчдын амралттай холбогдуулан хүүхэд, багачууд гэртээ харгалзах хүнгүй үлдэж, амь нас, эрүүл мэндэд нь нөлөөлөх аливаа эрсдэл тохиолдож болзошгүй байдлаас сэргийлэх ажлыг дүүрэг, хороо хэсгийн ахлагч нар хариуцан онцгой анхааран ажиллах” зэрэг үүрэг даалгаврыг нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан комиссын гишүүдэд өгч, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нэн яаралтай хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Үйл явдал2023/10/17
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
-
Үйл явдал2023/07/05
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Дэлхий нийтээр..2021/04/02
Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа
-
Дэлхий нийтээр..2026/08/14
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуу...
