Дэлхий нийтээр..
Авлигын гинжин хэлхээг бүрэн таслахын тулд Ардын намаа сонгоно
УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа 1-р тойрог буюу Хангайн бүсэд үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын ахалсан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нарын МАН-аас нэр дэвшигчдийн баг энэ сарын 11-14-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн 19 сумаар орж, сонгогчидтойгоо уулзлаа.
Тэд өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлууд, МАН-ын болон Хангайн бүсийн Мөрийн хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.
Иргэдийн хувьд шударга ёсны төлөө, авлигын эсрэг хийж буй тэмцэл, улсын эдийн засгийг өсгөх, ард түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө МАН, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг дэмжиж, энэ үйл хэргийг цаашид тууштай үргэлжлүүлж, бүрэн үр дүнд хүргэхийн тулд МАН-ыг, тус намаас нэр дэвшиж байгаа есөн нэр дэвшигчийг багаар нь сонгоно гэдгээ илэрхийлж байв.
Баянцагаан суманд МАН-ыг дэмжиж буйгаа илэрхийлсэн, ирэх дөрвөн жилд энэ нам улс орноо яаж хөгжүүлэхээр төлөвлөж байгааг сонирхсон иргэд Соёлын төвд сул суудал нэг ч үлдээлгүй олуул цугласан байлаа.
Нийслэлээс 900 гаруй км, Баянхонгор аймгийн төвөөсөө 300 шахам км алслагдсан Баянцагаан сумын иргэдэд нэр дэвшигчид бид өөрсдийгөө хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөж буй ажлаа ярьж, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг салбар салбараар нь дэлгэрэнгүй танилцуулсан.

Тус аймгийн эдийн засгийн гол тулгуур нь мал аж ахуй. Тиймээс бүс нутгийн хэмжээнд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасныг иргэд сайшааж байна. Мөн Шинэ Хархорум хот энэ бүсэд байгуулагдаж, аялал жуулчлалыг кластераар хөгжүүлэх, хилийн боомтууд чиглэсэн авто зам тавьж, баруун босоо тэнхлэгийн төмөр замыг Баянхонгороор дамжуулан тавих болсонд хөдөөгийн ард иргэд талархалтай байна. Баянхонгорт ноосны чиглэлийн хонь, ноолуурын чиглэлийн ямаа өсгөж байсан уламжлалыг сэргээх нь чухал гэж иргэд үзэж байна. Говийн сумдын хувьд нийт мал сүргийн бүтцийн дийлэнх хувь нь ямаа. Тэр дундаа Залаа жинстийн цагаан ямаа нэлээд жин дарж байгаа бөгөөд орлогын гол эх үүсвэр нь болдог тул ноолуураа бүс нутагтаа угааж боловсруулж, экспортлох нь малчдын орлогод ихээхэн чухал нөлөөтэй тул энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд анхаарахыг иргэд нэр дэвшигчдээс хүсэж байлаа. Тус аймгийн Эрдэнэцогт, Галуут зэрэг сумдад “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжсэнээр сумын төвүүд бүхэлдээ бүтээн байгуулалтын уур амьсгалтай болж, иргэдийн ахуй амьдралд томоохон эргэлт гарч байгаа тул бусад сумдад ч энэ төслийг хэрэгжүүлэх шаардлага байгааг онцолж байна.
Энэ сонгуульд МАН-аас “АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ” гэсэн уриаг дэвшүүлж байгаа нь авлигын гинжин хэлхээг тасалж, ард түмэнд учруулсан хохирлыг төлүүлж, нийгэмд шударга ёсыг тогтооно гэсэн үг гэж бид ойлгож байна. Ийм үр дүнд хүрэх нь ард нийтийн жинхэнэ ялалт болно. Тиймээс иргэд бидний чин хүсэлтэй яв цав нийцэж байна гэж иргэд ярьж байлаа. Түүнчлэн энэ бүс нутагт мал аж ахуйдаа тулгуурласан үйлдвэрлэл хөгжүүлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлэх, зам харилцааг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр дэвшүүлснийг бүс нутгийн онцлогт тохирсон зөв, оновчтой бодлого гэж үзэж, бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Хангайн бүс буюу 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид 15-наас Өвөрхангайн сумдад ажиллаж эхэлнэ.


Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2026/02/12
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
-
Дэлхий нийтээр..2023/11/22
Сүүлийн 4 хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ
-
Дэлхий нийтээр..2024/04/03
Аргал оруулахаар гараад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ
-
Дэлхий нийтээр..2023/01/24
БНЧУ-д богино хугацааны зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
