Үйл явдал
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголд зочлох жилийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улс үндэстний хоол зоогоор үйлчилдэг хоолны газрыг олноор бий болгож, жуулчинд үйлчлэх мэргэжлийн чадвартай тогооч нарыг бэлтгэх зорилгоор “Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх” Гастро аялал 2024 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр Монголын ресторан зоогийн газрын холбоо /МРЗГХ/, "БЭХ" Баар Эрхлэгчдийн Холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.
“Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх” хөтөлбөр нь гадаад, дотоодын сургалт гэсэн хоёр үе шаттай явагдаж буй. Энэ хүрээнд өнгөрсөн 3-5 дугаар саруудад нэгдүгээр шатны гадаад сургалтад нийслэлийн 50 тогоочийг Тайланд, Хонгконг, Узбекистан, Турк, Солонгос, Орос зэрэг улсад зохион байгуулагдсан олон үндэстний хоол бэлтгэх өндөр зэрэглэлийн мэргэжлийн тогооч бэлтгэх онол, дадлага хосолсон мэргэшсэн сургалтад биечлэн хамруулсан. Эдгээр тогооч нар тухайн улс орны үндэсний хоолны нарийн жоруудыг сурахаас гадна орон орны мастер тогооч нараас хоол үйлдвэрлэлийн ажилтны ёс зүй, хандлага, зарчим, ажлын байрны эмх цэгц, эрүүл ахуйн талаарх мэдлэг, туршлага солилцсон юм. Ийнхүү тус сургалтад оролцсон тогооч нар салбарынхаа 200-250 тогоочид өөрийн эзэмшсэн мэргэшил чадвараа хуваалцах хоёрдугаар шатны сургалтыг тавдугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Уг сургалт нь аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцсэн зах зээлд эрэлттэй, борлуулалт өндөртэй хоолоор цэсээ баяжуулж, олон үндэстнүүдийн өвөрмөц амт бүхий алдартай хоолнуудыг зөв арга, технологиор хийх аргачлалыг эзэмшүүлэх зорилготой. Энэ ч утгаараа уг сургалтаар дамжуулан зочлох үйлчилгээний салбарт 200-250 нэр төрлийн шинэ хоол нэвтрэх боломжтой гэсэн үр дүн гарч буйд баяртай байна. Үүний цаана зочлох үйлчилгээний салбарын стандарт сайжрах, хоолны нэр төрөл арвижих, олон ажлын байр бий болох давуу тал үүсэж байгаа юм” хэмээв.

Монголын ресторан зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх “Аялал жуулчлалын улирал ирж буйтай холбоотойгоор манай холбооны гишүүдийн зүгээс гадаадын боловсон хүчний мэдлэг, ур чадвараас суралцах, туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлт тавьсны дагуу нийслэлээс биднийг дэмжин, уг хөтөлбөрийг зохион байгуулах бололцоог бүрдүүлсэнд талархал илэрхийлье. Тус хөтөлбөрт хамрагдсан 50 тогооч нийт 400 гаруй нэр төрлийн олон үндэстний хоолны жор суралцан, салбарынхандаа тухайн хоолнуудыг зөв арга, технологиор хийх аргачлалыг эзэмшүүлсэн үр өгөөжтэй сургалт болж байна” гэлээ.
Сургалтад ресторан, зоогийн газар, зочид буудал, жуулчны баазуудын тогооч, хоол үйлдвэрлэлийн багш нар оролцсон бөгөөд тэдний зүгээс Монгол улсын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын байр болон хөтөлбөрийг шинэчлэн олон улсын жишигт хүргэх, цаашид энэ төрлийн хөтөлбөрийг тогтмол зохион байгуулах шаардлагатайг онцолж байв.
Үйл явдал
Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм.
Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэх юм.
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ.
Үйл явдал
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.
Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ.
Үйл явдал
Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон нэгдсэн мэдээллийн сантай хослуулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа өргөн уудам, алслагдсан нутагт тархсан тул газрын эвдрэл, доройтол, нөхөн сэргээлтийн явцыг зөвхөн газар дээрх уламжлалт шалгалтаар тогтмол хянахад хүндрэлтэй байдаг.
Уул уурхайн хяналт шалгалтаар түгээмэл илэрдэг зөрчилд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийхгүй байх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхгүй байх, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний шаардлага зөрчих, усны нөөц болон усан орчны хамгаалалтын дэглэмийг хангахгүй байх зэрэг асуудал багтдаг.
Мөн уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн газрын өөрчлөлтийг зохих ёсоор нөхөн сэргээгээгүй тохиолдол гардаг нь хөрс, усны нөөцөд дарамт учруулж, газрын доройтол, цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ.
Иймээс уул уурхайн хяналтад зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, дрон болон нэгдсэн мэдээллийн санг хослуулан ашиглах боломжийг өргөжүүлэхээр зорьж байна.
Технологид суурилсан хяналтаар газрын гадаргын өөрчлөлт, уурхайн талбайн тэлэлт, усны сан бүхий газрын өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг тогтмол ажиглах боломжтой. Ингэснээр эрсдэл өндөртэй талбайг эрт илрүүлж, улсын байцаагчийн газар дээрх шалгалтыг илүү зорилтот, шуурхай, нотолгоонд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.
