Үйл явдал
Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар зургаан байршлын замыг шинэчлэн, хөдөлгөөнийг нээлээ. Харин таван байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Тухайлбал, Бага тойруугийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд эхний ээлжид “Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн. Бага тойруугийн авто зам 1950 онд баригдсан бөгөөд хамгийн сүүлд 2011 онд их засвар хийсэн юм. 2011 онд их засварын хүрээнд байгалийн чулуун бродюрыг суурилуулсан нь эвдрэл гэмтэлгүй, ашиглалтын шаардлага бүрэн хангаж байгаа бөгөөд цаашид ашиглах боломжтой. Байгалийн чулуугаар хийсэн бродюр нь 30-50 жил хүртэл насжилттай байдаг гэдгийг хэлж байв.
Мөн Улаанбаатар хотын авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Хотын 46 гудамжны 200 гаруй км зам далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээтэй бөгөөд 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан зайлуулдаг. Өнөөдрийн байдлаар хатуу хучилттай зам, талбайн усыг зайлуулахад 18 төв коллектор, 1 насос станцыг ашиглаж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат "Орон сууцны хорооллууд нь зам талбай, дээврийн бороо, цасны усыг зайлуулах байгууламжаа шийддэггүй, усаа шууд авто зам руу хаядаг. Энэ нь борооны ус зайлуулах шугам, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн зориулалтын бус холболт буюу цайны газар, үйлчилгээний болон авто угаалгын газрууд бохир усаа холбож ашиглалтын нөхцөлийг хүндрүүлж байна" гэв.
Үргэлжлүүлэн ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр төлөвлөж байна.
Авто замуудыг шинэчлэн засварлахдаа зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2024/04/12
Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хам...
-
Үйл явдал2020/09/12
Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно
-
Үйл явдал2021/02/18
Хан-Уул дүүргээс бусад бүх дүүргийн шинжилгээний цэг ажиллахгүй
-
Дэлхий нийтээр..2021/04/01
Франц Улс болон АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
