Дэлхий нийтээр..
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Завхан аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад ажиллалаа
Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна.
Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүллээ. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын 54 багт зам даваа хаагдаад байна.
Завхан аймагт сар шинийн өдрүүдээс хойш тасралтгүй шуурч, зарим сумдад өдөртөө 40 хэмийн хүйтэн байгаа нь төмөр зуд болох эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. Тус аймагт 45 мянга гаруй мал зүй бусаар хорогдож, мал, малчид туйлдаж байгааг аймгийн Онцгой байдлын газраас танилцуулсан. Малчид өмнөх жилүүдийнх шигээ өвс тэжээлээ бэлдсэн ч эрт цас орсны улмаас аль хэдийн дуусгасан талаар ярьж байна. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлж буй улс болон орон нутгийн нөөцөөс үнэ төлбөргүй өгч буй өвс тэжээл дэм болно гэж үзэж байна. Мөн зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлож байна” гэлээ. Мөн “Зудын нөхцөл байдалтай байгаа аймаг орон нутгийн сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.
Зудын нөхцөл байдал хүнд, зам давааг онгойлгосон ч цаг агаарын улмаас эргээд хаагдах эрсдэл өндөр байгаа зэрэг нь Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Байгаль цаг уурын хүнд шалгуурыг Засгийн газар малчидтайгаа хамтдаа давна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Засгийн газар, Улсын онцгой комисс хоёрдугаар шатанд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг малчдад олгохоор төлөвлөж байна.



Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2022/09/27
Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болголоо
-
Дэлхий нийтээр..2023/09/15
Буйр нуурын элсний нүүдэл, цөлжилтийн мониторингийн ажлыг хийлээ
-
Үйл явдал2023/09/27
УИХ дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2019/08/05
Дэлхийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
