Дэлхий нийтээр..
Цахилгааны үнээ нэмэх үү? Шарын голын нүүрсний уурхайн удирдлагууд тансаглалаа хумих уу?
Шарын голын уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар тэргүүтэй найман хүн жагсаал цуглаан хийж, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар Шарын голын уурхайг дампууруулан, 500 уурхайчныг ажил амьдралгүй болгох гэж байна гэсэн утга агуулгатай мэдээллийг тарааж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. Гэвч сурвалжлагыг бэлтгэх явцад маргаантай, бас анхаарч үзүүштэй олон зүйл гарч ирж байсан юм.
Шарын голын нүүрсний ил уурхай нь Хэнтийн нурууны салбар Дархан уулын өвөрт далайн түвшинээс дээш 920 м-ийн өндөрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт оршдог. Улаанбаатар, Дархан хоттой төмөр зам, авто замаар, төвийн бүсийн эрчим хүчний системтэй 110 кВ-ийн шугамаар холбогдсон. Дэд бүтэц сайн хөгжсөн газар. Нүүрсний уурхайн барилга байгууламжийг ЗХУ (хуучин нэрээр)-ын техник эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулан 1965 оны 04-р сарын 06-нд жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлож, 5.0 сая шоо метр хөрс хуулах хүчин чадалтайгаар анх ашиглалтанд оруулсан байна.
1981 оноос хүчин чадлыг өргөтгөн жилдээ 10000 мян.шоо метр хөрс хуулан, 2000-2500 мян.тн нүүрс олборлохоор шинэ техник тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Гэвч 1995 оноос тус уурхай хувьд шилжиж, гурван ч удаа үнэт цаас нэмж гаргасан гэхээс өөр ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан, төрийн мөнгөөр хайгуул хийсэн, төрийн өмч байх ёстой уурхай ямар аргаар, хэрхэн хувь хүмүүсийн өмч болсон гэдэг нь тодорхойгүй. Албан бус эх сурвалжууд “Шарын голын нүүрсний уурхайн томоохон хувьцаа эзэмшигчид Хөвсгөл аймагт байрлах Могойн голын нүүрсний уурхайн их хэмжээний хувьцаа эзэмшдэг” гэсэн мэдээллийг өгч байна.
ШАРЫН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР ЦАХИЛГААН СТАНЦУУДАД НҮҮРСЭЭ БОРЛУУЛДАГ
Шарын голын нүүрсний уурхайн Үйлдвэрчний эвлэлээс “Шарын голын уурхай бол компанийн статусын хувьд хувьцаат компани буюу хувийн өмчийн компани юм. Өөрөөр хэлбэл, тус уурхайн борлуулах нүүрсний үнийг төр тогтоох эрх зүйн үндэсгүй” гэдэг гомдол тавьж байгаа. Тэгвэл Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг баталж, тооцоог хянадаг юм байна. Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн дагуу л ажлаа явуулж байгаа болохоос биш Шарын голын уурхайг дампууруулахын тулд зориуд, сайн дураараа үнийг нь бариад байгаа зүйл байхгүй бололтой. Нөгөө талаар ганцхан Шарын гол ч биш дулааны станцуудад нүүрс нийлүүлж байгаа Багануурын нүүрсний уурхай, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Адуунчулууны нүүрсний уурхай гэх мэт маш олон хувийн хэвшлийн уурхайн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос хянаж тогтоодог.аж.
Энэ хүснэгтээс үзвэл Шарын голын нүүрсний уурхайн нүүрс нийлүүлж байгаа өртөг хамгийн өндөр байгаа нь харагдаж байна.

ШАРЫН ГОЛЫН УУРХАЙН НҮҮРСНИЙ ҮНИЙГ НЭМЭХ ТУСАМ ЗАРДАЛ НЬ ӨСДӨГ
Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн 1 тонн нүүрсний үнийг 2016 онд 6,500.0 төгрөгөөр, 2018 онд 2,000.0 төгрөгөөр, 2019 онд 2,000.0 төгрөгөөр тус тус нэмжээ. Өөрөөр хэлбэл 2016 оноос хойш Шарын голын нүүрсний уурхайн нүүрсний үнэ дөрвөн жилийн дотор 10,500.0 төгрөг буюу 35.0 хувиар нэмэгдээд байгаа юм байна. Гэвч үүнийг уурхайчид чамлан, Шарын голын нүүрсний уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар “Эрчим хүчний зохицуулах хороо сүүлийн хоёр жилд нийтдээ 4,000.0 төгрөгөөр л нүүрсний үнэ нэмсэн. Хүүхэд хуурч байгаа юм шиг бага мөнгөөр нэмлээ” гэж хэвлэлийн хурал дээр мэдэгдэл хийсэн. Тэгвэл энэ мөнгө бага уу их үү гэдгийг тооцоолж үзлээ.

Дээрх хүснэгтээс харахад Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6500 төгрөгөөр нэмж, тус уурхайн борлуулалтын орлого 4.9 тэрбум төгрөгөөр, 2018 онд 2000 төгрөгөөр нэмэгдүүлж, борлуулалтын орлого нь 2.2 тэрбум төгрөгөөр, 2019 онд дахин 2000 төгрөгөөр нэмж, борлуулалтын орлого нь 2.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Шарын голын нүүрсний уурхайн борлуулалтын орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 9.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байжээ. Энэ бол бодит тоо. Энэ бол их мөнгө.
Гэвч нүүрсний үнийг нь нэмэх тусам Шарын голын уурхай зардлаа аж. Тодруулбал, 2018 онд тус уурхайн Удирдлагын зардал нийт зардлын 2.7% буюу 1 тэрбум 454 сая төгрөг байжээ. Гэтэл 500 уурхайчныхаа нийгмийн зардалд Шарын голын уурхайн удирдлагууд 555 сая төгрөг төсөвлөсөн байна. Шарын голын нүүрсний уурхайн удирдлага гэх цөөхөн хүн өөрсөддөө 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн хэрнээ үүнээс бараг 3 дахин бага мөнгийг уурхайчдынхаа нийгмийн асуудалд зарцуулах тооцоо хийжээ. Бүр цаашилбал 2013, 2014 онуудад тус уурхайн удирдлага 5 тэрбум гаруй төгрөгийг өөрсдөдөө зарцуулж байсан гэх мэдээлэл байна. Мөн өнгөрсөн жилүүдэд уурхайн удирдлагууд өөрсдийгөө асар их мөнгөөр шагнадаг байсан байна. Үүнийг удирдлагуудын тансаглал гэж нэрлэхээс өөрөөр нэрлэх арга алга.
Үүнээс гадна Шарын голын нүүрсний уурхайн нүүрсний борлуултын орлого нь үнэ тарифын зохицуулалтын үр дүнд өнгөрсөн 2018-2019 онд нийтдээ 4.4 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ. Гэтэл тус уурхай орлогыг нь нэмэхээр зардлаа өсгөдөг гажиг тогтолцоотой. Жишээлбэл тус компани 2018 онд 42 тэрбум төгрөгийн зардалтай ажиллажээ. Харин 2019 онд буюу нэг жилийн дотор энэ зардал 13 тэрбум төгрөгөөр огцом нэмэгдэж, 55 тэрбум төгрөг болж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа ч ямар ч бодитой баримт, нотлох зүйлийг Эрчим хүчний зохицуулах хороонд огт ирүүлээгүй байна.
Зөвхөн түлшний зардалд гэхэд тус компани 2019 онд 10.6 тэрбум төгрөгийн зардал гаргана гэж тооцсон боловч хэдэн машин механизмд зориулан хаанаас ямар үнээр хэчнээн хэмжээний түлш авч ашиглах талаар ямар ч мэдээлэл байхгүй байх юм. Бусад зардлуудын хувьд ч үүнтэй яг адил тодорхой мэдээлэл гаргаж өгөөгүй байна. Мөн уурхайн удирдлагууд 2019 онд хөрс хуулалтад их хэмжээний мөнгө зарцуулсан гэж амаар ярьж байгаа боловч Уул уурхайн яамаар батлуулсан уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлтэй холбоотой нэг ч баримт ирүүлсэнгүй.
Ийм учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн удирдлагуудтай өнгөрсөн оны сүүлээр уулзалт хийж, нүүрсний үнийн тооцоолол, тавигдах шаардлага, нотлох баримтуудыг ирүүлэх, шаардлага хангасан тооцоолол ирүүлсэн нөхцөлд үнийн тооцоог хянах боломжтой гэдгээ мэдэгдэж, холбогдох зөвлөгөө өгч байжээ. Гэвч уурхайн удирдлагууд энэ талаар дорвитой арга хэмжээ авсангүй. “Үнэ нэмж өг” гэсэн мэдэгдэл ирүүлж, сүүлдээ “Хувийн компанийн нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоох ёсгүй” гэх мэт улаан цайм хууль зөрчсөн үйлдэл гаргаж, эцэс сүүлд нь бослого тэмцэл маягийн зүйл зохион байгуулах болжээ. Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн дагуу зөвхөн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний үнийг л хянадаг. Харин нүүрсний уурхайнууд гадаад зах зээл дээр болон жижиглэнгээр худалдаалж байгаа нүүрснийхээ үнийг өөрсдөө тогтоодог юм байна.
Тус уурхайн удирдлагууд үргүй зардлаа танаж, уурхайчдынхаа ахуй амьдралыг бодож, төсөв төлөвлөгөөгөө зөв гаргаж, Эрчим хүчний зохицуулах хороонд хууль дүрмийн дагуу үндэслэл тооцоотой, нотлох баримттай тарифын саналаа ирүүлэхгүй байж асуудлыг гэнэт улс төржүүлж эхэлжээ. Тус уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар “Төрийн өмчит уурхайнуудад төрөөс татаас өгдөг. Гэтэл Шарын голын уурхайчид л хохирч үлддэг” гэж мэдэгдсэн. Энэ талаар тодруулахад Багануур, Шивээ-Овоо гэх мэт төрийн өмчит уурхайнууд төрөөс ямар нэгэн татаас авахгүйгээр, Шарын голын нүүрсний уурхайгаас 20-40 хувийн хямд үнээр нүүрсээ станцуудад нийлүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Шарын голын нүүрсний уурхай бол хувийн, тодруулбал хувьцаа эзмшигчдийн өмч. Тус компанийн цахим хуудаснаас харахад Шарын голын уурхайн 10.170.242 ширхэг хувьцааг 1055 хувьцаа эзэмшигч эзэмшдэг бололтой. Гэхдээ хувьцаа эзэмшигчид нь уурхайг буюу өөрийнх нь өмч хөрөнгийг харж хандах, аривжуулж байх учиртай удирдлагууд нь өөрсдийгөө шагнаж, их хэмжээний мөнгийг үр дүнгүй зарцуулж, төсөв төлөвлөгөө гэх зүйлгүйгээр зардлаа өсгөж байгааг мэддэг болов уу гэсэн бодол энэ дашрамд төрснийг нуугаад яахав.
ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ НЭМЭХ ҮҮ? ШАРЫН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН УДИРДЛАГУУД ТАНСАГЛАЛАА ХУМИХ УУ?
Өнөөдөр яг ийм асуулт урган гарч ирээд байна. Шарын голын уурхай болон уурхайн Үйлдвэрчний хорооны зүгээс нүүрсний үнэ бодит өртгөөс 4000-6000 төгрөгөөр бага байгаа, нэмж өг гэдэг хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж байгаа боловч хуулийн дагуу үнэ тарифын саналаа ирүүлээгүй, үнэ нэмэх үндэслэлээ нотлоогүй учир Эрчим хүчний зохицуулах хороо тус компанийн нүүрсний үнийн тооцоог дахин хянах боломжгүй гэж мэдэгдэж байна. Хэрвээ шаардлага хангаагүй үнийн тооцоогоор Шарын голын уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлсэн тохиолдолд төвийн бүсийн 575000 гаруй хэрэглэгчийн цахилгааны үнийг 1 кВт.ц тутамд 2.0 төгрөгөөр үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.
Сэтгүүлчид Шарын голын нүүрсний уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатараас “Танай компани хуулийн дагуу тарифын саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлээгүй байна. Энэ талаар та мэдэж байгаа юу?” хэмээн асуухад “Мэдэхгүй. Наад асуудлаа манай удирдлагуудтай л ярь” хэмээн хариулж байх юм. Шарын голын нүүрсний уурхайн гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Ө.Хишигсүх тэргүүтэй удирдлагууд нь өөрсдөө Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрмийг зөрчин давуу эрх эдлэх сонирхолдоо хөтлөгдөн өнөөдрийг хүртэл шаардлага хангасан тарифын саналаа ирүүлээгүй байгааг жагсаал, цуглаан хийж байгаа уурхайчид нь даанч мэдэхгүй явцгааж байна. Тус уурхайн Үйлдвэрчний хороо уг нь Эрчим хүчний сайд болон Зохицуулах хорооны дарга нар руу дайрч, жагсаал цуглаан маягтай зүйл хийхийнхээ оронд ажлаа мэддэггүй, мэдсэн ч хийхийг хүсдэггүй удирдлагуудтайгаа хариуцлага тооцох, тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж, ажилчдынхаа эрх ашгийн төлөө тэмцэх учиртай баймаар... Үйлдвэрчний эвлэл гэдэг улс төрчдийн бие биендээ гаргаж барьдаг мод биш гэдгийг эрхбиш ойлгох байлгүй дээ.
Эрчим хүчний үнэ тариф гэдэг эдийн засгийн суурь үнийн нэг. Иймдээ ч Эрчим хүчний зохицуулах хорооноос бусад эрчим хүчний үйлдвэр, компаниудын цахилгаан, дулааны үнийг холбогдох аргачлал, журмын дагуу бодит мэдээлэл, баримтад тулгуурлан хянаж тогтоох замаар үйлдвэрлэгч, компани, хэрэглэгчийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангадаг юм байна. Тиймээс ажлаа мэддэггүй, хууль дүрэм журмаа судлаагүй, үл ойшоодог, холбогдох дүрэм журмын дагуу асуудлаа гарган тавьж чаддаггүй Шарын голын нүүрсний уурхайн удирдлагуудаас болж эрчим хүч хэрэглэгчид болон уурхайчид хохирох учиргүй.
Б.Чулуун
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/11/28
Байнгын хороод хамтран хуралдаж "Ажлын хэсэг байгуулах тухай" тогтоол ...
-
Дэлхий нийтээр..2023/04/06
М.Баяраа: Шаардлага хангаагүй шугам тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан б...
-
Дэлхий нийтээр..2024/06/21
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн Тэс ...
-
Үйл явдал2025/05/19
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
