Үйл явдал
Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.
Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх боловч төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас 2-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт үед олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоног ихэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн дунд үеэр бага зэрэг цас орох бол гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.


Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
