Дэлхий нийтээр..
Ц.Төрхүү: Хими, химийн технологийн хүрээлэнгээс давс, бодисын чанарт тогтмол шинжилгээ хийж байна
УБЗАА-наас авто замд цацаж буй цас мөс хайлуулах давс, бодисын чанарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр тогтмол шинжилгээ хийлгэж байна.
Шинжилгээгээр давс, бодис нь чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд хайлуулах чадвар сайн байгааг тодорхойлжээ. Харин цас мөс хайлсны дараа хусаж цэвэрлэх ажил муу хийгдэж байгаагаас үүдэн өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөн, үүрээр гялайн болж байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү өнөөдөр Улаанбаатар хотын зам талбайн цэвэрлэгээ, тэр дундаа авто замын халтиргаа, гулгаатай холбоотойгоор дүүргүүдэд ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү "Хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Хот, нийтийн аж ахуйн ажлаа жигдрүүлсэн дүүргүүд байгаа ч одоо болтол тодорхой ойлголтгүй байгаа дүүргүүд ч байна. Халтиргаа гулгаа их байгаа үед аль аль талаасаа анхаарах ёстой. Хүн хүч, бодис, техник тоног төхөөрөмжүүд бүгд дүүргүүд рүү шилжсэн. Иймд дүүргүүд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хариуцлагатай хандах шаардлагатай байна. УБЗАА-ны зүгээс хяналтаа сайжруулна. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахын тулд хурд, төлөвлөлт, сэтгэл дутаж байна. Мөн хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажиллах хүчийг нэмэгдүүлэхгүй бол зөвхөн авто замын цэвэрлэгээнд анхаарч, явган хүний зам болон замын хажуугийн нуухны хэсгийн цэвэрлэгээг дутуу орхигдуулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метрийн цэвэрлэгээг тогтмол хийж, явган хүн зорчих таатай орчныг бүрдүүлэх ёстой" гэв.

"Баянзүрх эко тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын захирал Ж.Батболд "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэгт 42 км буюу 667 мянган ам метр зам талбайн цэвэрлэгээ арчилгааны чиг үүрэг шилжин ирсэн. Үүнийг дагаад 21 машин механизм, зориулалтын давс, бодис цацдаг хоёр камаз, 88 ажилтан, албан хаагч хуваарилагдан ирсэн. Одоогоор зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 120 албан хаагч ажиллаж байна. 5-6 см-ийн зузаантай буюу их хэмжээний цас орсон тохиолдолд хусалт хийж, бага хэмжээтэй хялмай буюу өнгөц орсон цасанд давс, бодис цацаж байна. Ихэвчлэн шөнийн цагаар давс бодис цацах, цэвэрлэгээний ажлаа зохион байгуулж байгаа. Хороодын Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгжүүдээ уриалж, орчны 50 метрээ цэвэрлэх үүрэг өгөн ажилладаг" гэв.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2019/08/14
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжин...
-
Дэлхий нийтээр..2026/03/19
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
-
Дэлхий нийтээр..2024/01/10
2024 оны нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Дэлхий нийтээр..2022/10/10
УИХ: Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг танилцуулав
