Дэлхий нийтээр..
"Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаний нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газар 2022 оны 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Улмаар онцгой дэглэм тогтсоноос хойш компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч, өр төлбөр үнэмлэхүй хэмжээгээр буурчээ. Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах; 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр; 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар; эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг олгох; иргэн нас барсан, Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.
Тогтоолын төслийн дагуу 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд ногдох хувьцааг эзэмшүүлж байхаар төлөвлөжээ.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах, үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх зарчмыг шинэчлэн тодорхойлж, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоогийн ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж хуульчилсан.
Тогтоолын төсөл батлагдаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэдэд үе шаттай эзэмшүүлснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх боломжийг хангахад чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Ганибал нар асуулт асууж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тарааж байгаагүй бөгөөд Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд үр өгөөж нь нэмэгдсэн, Монгол Улсын экспорт нэмэгдсэн зэрэгт үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг боловсруулсан болохыг Д.Амарбаясгалан сайд хэлж байв. Түүнчлэн төр хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гарган, ашиг, хувьцааны ногдолоор аливаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зарцуулдаг байсныг өөрчлөх зорилтыг Засгийн газар дэвшүүлжээ. Дээрх хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой асуултад тэрбээр хариулахдаа “Төрөөс стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшиж байгаа төрийн өмчит компанийн хувьцааг үнэ төлбөргүй тараах анхны концепц гарахдаа арилжихгүй байх зорилгыг агуулсан. Хөрөнгө чинээтэй хэсэг, бүлэгт энэ хувьцаа төвлөрөхгүй байх, иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртдэг байх нь нь зөв хэмээн үзэж, шийдвэрлэсэн байдаг. Энэ удаагийн тогтоолын төсөл, улмаар Засгийн газраас холбогдуулан батлах тогтоолуудад хувьцаа эзэмшигч нь төрийн мэдлийн 66 хувьтайгаа дотоод бонд хэлбэрээр харилцаа үүсгэх боломжийг нээлттэй болгох зорилго агуулж байгаа” гэлээ.
Гишүүдийн тодруулсны дагуу тус компанид Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат дараах мэдээллийг өгөв. 2023 оны III улирлын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө 19.3 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж. Өр төлбөрийн тухайд 2022 оны 10 дугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол 2023 оны III улирлын байдлаар 3.2 их наяд төгрөг болжээ. Урьдчилж олсон орлого буюу 603 сая ам.долларыг 2023 оны 09 дүгээр сард бүрэн барагдуулжээ. Иймд борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын шалгалт оруулаад байгаа бөгөөд хувьцааны 34 хувийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Одоогийн байдлаар тус компанид нууц болон нууцын зэрэглэлтэй ямар нэг гэрээ байхгүй гэдэг мэдээллийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өглөө.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд баялгийн менежментийг сайжруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж үр ашигтай ажиллуулах, улмаар иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгохтой холбоотой саналууд хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог бодитой болгож "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжтой болгох, иргэний өмч буюу эзэмшлийн хувьцаагаа өвлүүлдэг байх зохицуулалтын талаар судлахтай холбоотой байр сууриа илэрхийлэв.
Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 58.8 хувь нь дэмжлээ. Эдийн засгийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
