Дэлхий нийтээр..
"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилга, стандарт бус хашааны улмаас явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд ихээр зорчдог.
Иймд нийслэлийн удирдлагууд Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хашааг татуулж, явган зам тавихаар зөвшилцөн, явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор явган хүний замыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтуудын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн шуурхай үүрэг даалгаврын дагуу арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Зөвшилцлийн хүрээнд эхлүүлсэн уг ажилд долоон аж ахуйн нэгж өртөж буй бөгөөд газар чөлөөлөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай” гэлээ.

УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Газар чөлөөлөн явган хүний зам тавих ажилд нийт 300 метр орчим талбай өртөж буй. Одоогийн байдлаар 150 метр талбайг бүрэн чөлөөлсөн бол 50 метр талбайд шороон дүүргэлт хийсэн. Үлдсэн 100 метр орчим талбайд “Вега сити” хотхоны зүгээс хамгаалалтын хашааныхаа угсралтыг хийж дуусахаар шороон дүүргэлтийн ажлыг эхлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түр хүлээлтийн байдалтай байгаа. Мөн хугацаа алдахгүй байх үүднээс газар чөлөөлөлт хийсэн талбайд Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас угсралтын ажлыг хийж байна” хэмээв.

Түүнчлэн барилга барьж буй компаниуд барилгын ажлаа дуусгасныхаа дараа тухайн замуудын гадна тохижилтын ажлыг стандартад нийцүүлэн ахин засна гэдгийг албаныхан онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2026/01/16
Монгол Улс БНХАУ-тай хамтран хил орчмын геологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр т...
-
Хэн юу хэлэв...2024/03/15
Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн ...
-
Дэлхий нийтээр..2024/07/02
Допингийн төрлийн бодис, бэлдмэл, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сурга...
-
Дэлхий нийтээр..2020/09/02
Есдүгээр сард 12 удаагийн тусгай нислэгээр 3120 иргэнээ татан авна
