Чөлөөт бүс
Өвдсөн бүхэн өрөвдөлтэй биш...
"Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмчилгээний зардалд хандив өргөнө үү" гэх агуулгатай зар цахим хуудаст олноор нийтлэгдэх болсон. Мөн осолд орсон, түлэгдсэн, тэр бүү хэл хүүхэд маань бурхан болчихлоо гэх учир, шалтгаантай хандив хүссэн пост ч түгээмэл болжээ. Гэвч зар бүхэн үнэн биш. Зарын цаана өвдсөн, зовсон нэгэн биш зальт этгээд сууж байж болох юм.
Нэг жишээ дурдахад иргэн А өөрийн цахим хуудаснаа “Манай хүү бурхан болчихлоо. Сайхан сэтгэлт ард түмэн минь хандивын гараа сунгаач” гэх мэдээлэл оруулжээ. Гэтэл энэ нь худал, зохиомол мэдээлэл бөгөөд тэр энэ арга, залиар нэг сарын хугацаанд олон иргэнээс олон сая төгрөг залилжээ. Энэ мэтчилэн ядарсан, өвдсөн хүмүүсийн нэр барин хуурамч хандив гуйгчид олширсон. Хандив, тусламжийн залиланг зохиомол байдлыг зориудаар бий болгож, олны сайхан сэтгэл, сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдэх нь олон.
Залилангийн гэмт хэргийн хувь ингэж өсөхөд хуурамч цахим хаяг ашиглан "Хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэнэ" гэх нэрийдлээр иргэдээс хандив тусламж гуйсан зохиомол нөхцөл голлон нөлөөлжээ. Тодруулбал зөвхөн энэ төрлийн аргаар үйлдэгдсэн нь залилангийн гэмт хэргийн 20.8 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт юм.
Ядарсан, зовсон нэгэндээ туслах, дэмжих нь Монголчуудын зан байдлын онцлог. Гэнэн, итгэмтгий зан, өрөвч, нинжин сэтгэлээр зарын үнэн бодит эсэхэд төдийлөн ач холбогдол өгөлгүй, мэдээллийн үнэн зөвийг нягтлалгүй 5-100 мянган төгрөгийг юм бодолгүй шилжүүлж орхидог.
Хуурамч цахим хаяг ашиглан гэмт хэрэг үйлддэг залилагчид цахим орчинд өөрөө нэвтэрч, мэдээлэл олж авч, уншиж чадахгүй бага насны хүүхдийн өрөвдөлтэй, бусдын сэтгэлийг шимшрүүлсэн хуурамч зураг дүрслэлийг зохиомлоор бий болгодог. Нялх хүүхдийн зураг олон нийтийн сэтгэлийг илүүтэй шимшрүүлж, хүндээр тусаж, тусламжийн гараа сунгахаас аргагүй байдалд хүргэдэг. Мөн өөр нэг тодотгох зүйл нь залилан, мэхлэх гэмт хэргийг ихэвчлэн эмэгтэй хүмүүс үйлдэж байна. Учир нь эмэгтэй хүнийг зөв, зөөлөн гэдэг утгаар нь илүү их итгэл хүлээлгэдэг нийгмийн уламжлалт хандлага нөлөөлж болзошгүй.
Бид хандивын үйл ажиллагааг гаднын байгууллагууд шиг хөгжүүлэх цаг болжээ. Олон улсын туршлагаас харахад хандив, тусламж хүссэн хүмүүсийн нэгдсэн хуудас болон буяны санг ажиллуулдаг. Үнэхээр тусламж хэрэгтэй хүмүүс түүнийг Цахим харилцаа хөгжлийн яаманд өөрсдийн мэдээллийг үнэн бодитойгоор анкет өгч бүртгүүлж, ашиглах боломж нь нээлттэй байдаг аж. Улмаар зарцуулалтын тайланг эргэж олон нийтэд мэдээлдэг, мэдэгддэг байна.
Зовж зүдэрсэн нэгэндээ хандив өгөхийг буруутгах гэсэнгүй ээ. Гэхдээ та мөнгийг зүгээр сууж байгаад биш хөдөлмөрлөж олдог. Гэтэл таны хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө илүүчлэн өвдсөн, зовсон нэгэнд тусалж байна хэмээн шилжүүлсэн хандив залилагч этгээдийн дансанд орж байвал хайран шүү дээ. Тиймээс хандив өргөхөөсөө урьтаад хэнд, яагаад, энэ үнэн үү гэж эргэцүүлж, ядаж л пост оруулсан цахим хаяг эзэнтэй, байнгын идэвхтэй, өмнө нь ямар мэдээлэл нийтэлж, түгээж байсан зэрэг түүхийг нягтлаад нэг үзээрэй. Таны хандив буух эзэнтэй, буцах хаягтай байх ёстой шүү.
Өвдсөн бүхэн өрөвдөлтэй биш. "Арай үгүй байлгүй дээ" гэлгүй дэлгэцийн цаана "цагаандаа" гарсан, юу ч хийхээс сийхгүй залилагч сууж байхыг үгүйсгэхгүй тул хандив, тусламж гуйдаг шинэ төрлийн залилах гэмт хэргүүдийн талаар ойлгож, мэдээрэй.
Чөлөөт бүс
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.
WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.
DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.
Baidu Maps – Газрын зураг, чиглэл
Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.
12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.
Чөлөөт бүс
Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна
Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.
1. Ашера (Ashera)
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.
2. Саванна (Savannah)

Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.
3. Бенгал (Bengal)

Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.
4. Сфинкс (Sphynx)

Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.
5. Перс (Persian)
,aspect=fit&q=75)
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.
Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.
Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

