Дэлхий нийтээр..
Томуугийн дархлаажуулалт нь амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлдэг
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын явц болон эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлийн талаар хэлэлцэж, цаашдын бэлэн байдлыг бүрдүүлэх, тандалтын тогтвортой байдлыг хангах зорилготой томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дах удаагийн хурал болж байна.
Хуралд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлага, тархвар судлаач эмч зэрэг 180 гаруй мэргэжилтэн оролцлоо.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж. Байгалмаа Ковид-19 цар тахлын үеийн ололт, амжилт, сургамжид тулгуурлан томуу, томуу төст өвчний хариу арга хэмжээг шуурхай төлөвлөн хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах нь чухал байгааг онцолж “Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш гурван жилийн дараа хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон дарамт учруулдаг томуу, амьсгалын замын синцитиаль вирус Ковид-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн орчилд орсон. Тиймээс томуу, томуу төст өвчний өвчлөл өмнөх жилүүдээс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.
Томуугийн халдвар нь дэлхий дахинд болон манай улсад хүн амын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийн дийлэнх хувийг эзэлж, ялангуяа бага насны хүүхдүүд, 65 болон түүнээс дээш насны хүн амын хүндрэх, нас барах голлох шалтгаан болдог. Энэ удаагийн уулзалтыг тандалтын тогтолцооны тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд ийм үед эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөр, хүчин чармайлт чухал ач холбогдолтой” гэдгийг дурдсан.
Хоёр өдөр үргэлжлэх тус хурлын үндсэн илтгэл болох “Цар тахлын дараах үеийн тогтвортой байдлыг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, чиглэл” сэдвээр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд илтгэл тавьж танилцуулсан бол “Шинэ болон сэргэж буй халдварын бэлэн байдал, тэсвэрлэх чадвар” сэдвээр ДЭМБ-ын НДББ-ийн мэргэжилтэн Виема Биакула мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь улирлын томуугийн дархлаажуулалт юм. Манай улсад жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг.
Энэ жил томуугийн улиралд эрсдэлт бүлгийн 300,000 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд 2-5 хүртэлх насны хүүхдүүдийн 70 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна энгийн сэргийлэлтийн арга хэмжээ болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, олон хүн бөөгнөрсөн газраар аль болох зорчихгүй байх нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг хурлын үеэр мэргэжилтнүүд онцолж байлаа.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
