Хэн юу хэлэв...
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй
Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн худалдан авалтууд хуулийн дагуу явсан эсэхийг шалгах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой баримт материалуудыг татаж, архивын баримтуудыг шалгаж, нягтлахад гэмт хэргийн шинжтэй байж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийж, баримтуудыг АТГ-т өгч шалгуулахаар болсноо мэдэгдлээ.
2009 оноос хойш нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 10 удаагийн худалдан авалт хийжээ. Эдгээр худалдан авалт бүгд шууд гэрээний хүрээнд зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Тухайлбал, 2009 онд 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан. Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 2008 оны арванхоёрдугаар сарын 20-нд БНСУ-ын “Deawoo Global” корпорацтай худалдааны гэрээ байгуулж, 400 автобусыг 25,161,000 ам.доллароор худалдаж авахаар тусгажээ. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан хэр нь улс, нийслэлийн өмчид бүртгэлгүйгээр арван аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Тухайн үед Зам тээврийн сайдаар Х.Баттулга, Сангийн сайдаар С.Баярцогт, Хотын даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байжээ. Нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд аж ахуйн нэгж байгууллагуудад нэр дээр өгсөн байгаа юм. Үүнээс үүдэн улсын төсөвт дээрх хэмжээний хохирол бодитоор учраад байна. Энэ хугацаанд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас уг хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр удаа дараа шүүхийн байгууллагад хандсан боловч тухайн автобуснуудыг анх авахдаа улсын төсвийн хөрөнгөөр бүртгээд, аж ахуйн нэгжүүдийн нэр дээр шилжүүлсэн учир Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүрчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2010 оны арваннэгдүгээр 23-нд Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолоор автобус авсан аж ахуйн нэгжүүдээс гэрээнд заасан эргэн төлөлтийг буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан бүрдүүлэхийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Хотын дарга Г.Мөнхбаяр нарт даалгасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр аж ахуйн нэгжийн эргэн төлөлт 23 хувьтай байгаа бөгөөд тухайн үед өгч байсан автобуснуудын ашиглалтын хугацаа дууссан” хэмээв.
2015 оноос хойш 560 автобусаар парк шинэчлэл хийсэн. Харамсалтай нь эдгээр автобусны дийлэнх нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа нийтийн тээврийн үйлчилгээнд явалгүйгээр актлагдсан байна.
Хотын дарга Х.Нямбаатар үргэлжлүүлэн “Үе үеийн Засаг дарга нар, 2009 оны үеийн Зам тээврийн яам, Сангийн яам эдгээр автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэлгүйгээр шууд гэрээний аргаар авсан асуудлыг АТГ-т шалгуулна. Арваннэгдүгээр сарын 23-нд шинээр оруулж ирэх 700 автобусны тендерийг нээнэ. Цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй автобус компаниудад өгөхгүй. Түүнчлэн жил бүр 300 тэрбум орчим төгрөгийг автобус компаниудад олгодог. Бодит тооцоололгүй өгдөг татаасыг гүйцэтгэл дээр үндэслэдэг болгох ёстой. Нийтийн тээврийн салбарт байгаа зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүй бол парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй. Нийтийн тээврийн салбарт бугшсан төр, хувийн хэвшлийн бүлэглэл байгааг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд олон асуудал байна. Тухайлбал, “Эрдэм транс” ХХК “Daewoo”, “Hyundai” автобуснуудыг оруулж ирэхдээ он зассан байгаа юм. 2013 онд үйлдвэрлэсэн автобусыг 2015, 2016 он гэж засаж оруулж ирсэн. Эдгээрийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Үе үеийн Засаг дарга нарт нийтийн тээврийн салбарынхан автобуснуудыг шууд гэрээгээр авдаг гэж мэдээлэл өгдөг жишиг тогтсон. Нийтийн тээврийн салбарт жил бүр 300 тэрбум төгрөгийн татаасыг гүйцэтгэлд хяналт тавилгүйгээр баталсан дүнгээр өгч ирсэн нь өнөөдрийн хамгийн том алдаа. Мөн он засдаг асуудлыг шалгаж, буруутай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үйл явдал2020/01/09
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүү...
-
Үйл явдал2025/01/15
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2023/04/12
Нийтийн тээврийн зорчигчдын хөлс төлөлтөд шалгалт хийж байна
-
Дэлхий нийтээр..2025/05/13
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
