Дэлхий нийтээр..
ЭЗБХ: Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны аравдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгүүдийг явууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дээрх төслүүдийн талаар нэгтгэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 иргэний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн гэдгийг онцлов.
Түүнчлэн тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн ОБЕГ-ын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, албан хаагчдыг сургалтад хамруулан 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн гэж байлаа.
Төслийн II үе шатны хүрээнд онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангана гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны 10 дугаар сард хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
Дээрх төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75.3-д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 7.3.20, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11-д туссанаас гадна төсвийн төсөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна гэж байлаа.
Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн судалгаагаар 2050 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 78 хувь нь төвлөрсөн суурин газар амьдарна гэсэн тооцоо гаргасан байдаг. Цаашдаа газар хөдлөлт, галын аюулын эрсдэлүүд нэмэгдэх хандлагатай байгаа тул Онцгой байдлын ерөнхий газрын тусгай техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, нисгэгчдийг бэлтгэх төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын аврах ажиллагааны алба хаагчид тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 120 гаруй иргэн, гал түймрээс 850 гаруй хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласан гэдэг нь төсөл үр дүнтэй байгааг харуулж байгаа тул үүнийг өргөжүүлэх нь чухал гэж байлаа. Мөн цаашид Онцгой байдлын ерөнхий газраар хязгаарлалгүй нийгэмд онц ноцтой гэмт хэрэг эрс өссөнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулж, агаараас эрэн хайх нисдэг тэргээр хангах шаардлагатай гэсэн санал хэлэв.
Ингээд “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор тус тус санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Путин Ираны Гадаад хэргийн сайдтай уулзаж, энх тайвныг дэмжихээ илэрхийлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитэй уулзаж, Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал болон хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, дипломат аргаар шийдвэрлэх боломжийн талаар ярилцсан байна. Владимир Путин зөрчил мөргөлдөөнийг намжааж, энх тайвныг тогтоохын төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Мөн Орос, Ираны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Ираны талаас дээд удирдлагын захидлыг дамжуулсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч талархал илэрхийлсэн тухай албаны эх сурвалж мэдээлэв.
Энэ удаагийн уулзалтаар тодорхой гэрээ, шийдвэр гаргаагүй ч хоёр тал дипломат шугамаар асуудлыг шийдвэрлэх, харилцаагаа хадгалж, бэхжүүлэх байр сууриа дахин нотолсон байна.
Дэлхий нийтээр..
“Стандарт энд Пурс” агентлаг Бельгийн зээлжих зэрэглэлийг буурууллаа
Газрын тосны үнэ огцом өсөж буйтай зэрэгцэн олон улсын зээлжих зэрэглэлийн Стандарт энд Пурс агентлаг дөрөвдүгээр сарын 24-нд Бельги улсын зээлжих зэрэглэлийг “AA”-аас “AA-” болгон бууруулж, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээсэн байна.
Тус агентлагийн мэдэгдэлд дурдсанаар зэрэглэл бууруулсан гол шалтгаан нь Бельгийн санхүүгийн урт хугацааны тэнцвэргүй байдалтай холбоотой аж. Ялангуяа 2025 оны төсвийн алдагдал мэдэгдэхүйц нэмэгдэж, 2026–2029 онд санхүүгийн сахилга батыг сайжруулах төлөвлөгөө удаашралтай хэрэгжиж байгаа нь улсын төсөвт дарамт үүсгэж байгааг онцолжээ.
Мөн тус улсын Засгийн газрын цэвэр өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2025 онд 103 хувь байсан бол 2029 он гэхэд 109 хувь болж өсөх төлөвтэй байгааг дурджээ. Үүнтэй зэрэгцэн өрийн хүүгийн зардал нэмэгдэх хандлагатай байгаа нь төсвийн ачааллыг улам нэмэгдүүлэхээр байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Бельгийн төсвийн алдагдлын хэмжээ Евро бүсийн орнуудын дунд өндөр түвшинд хэвээр байгаа бөгөөд зээлжих зэрэглэл буурсан нь санхүүжилтийн өртөг өсөх, зарим хөрөнгө оруулалтын сангууд тус улсын бондыг бууруулах эрсдэл дагуулах магадлалтай юм.
Үүнээс өмнө Moody’s Analytics мөн Бельгийн зээлжих зэрэглэлд сөрөг үнэлгээ өгч байжээ.
Дэлхий нийтээр..
Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Украинд Оросын дрон довтолгооны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Чернигов хотод болсон шөнийн довтолгооны үеэр 16 настай хүү амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бол орон сууцны барилгууд галд өртсөнийг орон нутгийн захиргаа онцоллоо. Мөн Херсон хотод дрон тээврийн хэрэгсэлд цохилт өгсний улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн шархадсан байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор нийт 236 дрон харваснаас 203-ыг нь устгасан ч үлдсэн хэсэг нь хэд хэдэн байршилд онож, хохирол учруулжээ.
Үүний зэрэгцээ Украин хариу цохилт өгч, ОХУ-ын Таганрог хот дахь дрон үйлдвэрлэлийн үйлдвэрийг онилон цохилт өгсөн талаар цэргийн удирдлага мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр гал гарч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хохирол учирсныг албаныхан дурдлаа.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр тал харилцан дрон ашигласан довтолгоог эрчимжүүлж буй нь дайны шинэ шатанд шилжиж буйн илрэл бөгөөд иргэний дэд бүтэц, энгийн иргэдэд учрах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
-
Дэлхий нийтээр..2026/02/13
БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалх...
-
Тод зураг2019/10/21
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
-
Дэлхий нийтээр..2022/12/14
“Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа-35 жилд” эрдэм ши...
-
Үйл явдал2023/11/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
