Дэлхий нийтээр..
“Next stop” наадам бүтээн байгуулагчдын төслийн материалыг хүлээн авч эхэллээ
Монголын Залуучуудын Холбооноос “Next stop” бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмыг 1992 оноос өнөөг хүртэл зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Нийгэм улс төр болоод эдийн засаг бизнесийн салбарын ирээдүйтэй залуучуудыг гарган нийгэмд танин мэдүүлж, тэдгээр нь өнөөг хүртэл улс орныг түчээлэн авч яваа эрхмүүд байдаг бөгөөд энэхүү наадам өнөөг хүртэл нэр хүндээ алдахгүй улам өргөжин тэлсээр ирсэн юм. 2017 онд түүхт 25 жилийн ойгоо тэмдэглэж энэ үеэрээ шилжилтийн 25 жилийг дуусгавар болгож, бүтээн байгуулалтын оныг тоолж эхэлсэн түүхэн үйл явц болж өрнөж байсан билээ.
Үргэлж шинийг санаачилж, ирээдүйн өнгө төрхийг тодорхойлогч, залуучуудыг дэмжин урамшуулдаг энэхүү арга хэмжээний онцлог энэ жилээс эхлээд дахин цоо шинэ түвшин, шинэ өнгө төрх, шинэ нүүр царайг бий болгож, уламжлалт болсон арга хэмжээг халж шинэ түүхийн хуудсыг эхлүүлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл “Next stop” бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмыг Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай “тансаг шинэ жил” хэмээн онцолж улмаар 25 жилийн дараа шилжилт өндөрлөхөд “тансаг улс төр” болжээ хэмээн тодотгосон. Тэгвэл залуучууд “тансаг бүтээн байгуулалт” байлгахыг зорьж оны сүүлд тэмдэглэдэг байсан арга хэмжээ нь энэ жилээс эхлэн он бүрийн 02-р сарын 02-ны өдөр зохион байгуулахаар болж байгаа юм байна.
Энэ жилийн үйл ажиллагааны онцлог нь бүтээн байгуулалтын цагт “Next stop” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ шинэ бууриа засч Нийгэм, Дэд бүтэц, Бизнесийн салбарт хэрэгжсэн төслүүдээс салбар бүрийн төсөл санаачлагч, төсөл төлөвлөгч, төсөл санхүүжүүлэгч, төслийн гүйцэтгэгч, төслийн удирдагч, төслийн маркетинг гэсэн 6 үндсэн үүрэг бүхий үйл ажиллагаагаар тодорсон 18 төслийг, Нийхийн бүтээн байгуулалтын төсөл, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, Бизнесийн бүтээн байгуулалтын төсөл гэсэн 3 бүрэн бүтэн төслийг нийт 21 цомын эздийг шалгаруулж бүтээн байгуулалтын цаг тооллын их түүхэнд мөнхлөхөөр болсон ажээ.
“Бүтээн байгуулалтын дуудлага”-аар хөглөгдөн бүтээн байгуулалтын цагийн их үйл хэрэгт нэгдэн, Монголын залуучуудын үлгэрлэн дууриагч, чиглүүлэн гялалзагч байх үүргээ ухамсарлан залуучуудтайгаа эвлэлдэн нэгдэх, Бүтээгч цагийн их түүхэнд Бүтээн байгуулалтаар мөнхлөгдөх эсэх нь залуучуудын 2019 оны бүтээсэн бүхнээр хэмжигдэх бөгөөд төслүүд nextstop.myf.mn цахим хуудсанд байршин нийтэд ил санал хураалтаар явагдах юм байна. Мөн 2019 оны Бүтээгч улс төрч, Бүтээгч бизнесменийг Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадмын үеэр Нийгмийн бүтээн байгуулалт, Дэд бүтцийн бүтээн байгуулалт, Бизнесийн бүтээн байгуулалт-ын төслүүд түүнд гар бие оролцсон байгууллагууд, эрхмүүдийн саналаар 2020 оны 02-р сарын 02-ны “Алтан гэрэгэ”-ний эздийг албан ёсоор тодруулах юм байна.
Төслийн материалыг 2019 оны 12-р сарын 20-оос, 2020 оны 01-р сарын 20-ныг дуустал цахим myf@myf.mn хаягаар болон өөрсдийн биеэр Монголын Залуучуудын Холбооны төв байранд авчирч өгөх бөгөөд 7777-1313, 80057771 утсанд холбогдон хүргэх боломжтой юм байна.



Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Үйл явдал2021/07/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Үйл явдал2020/04/21
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Тод зураг2020/01/29
Төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа
-
Чөлөөт бүс2025/02/25
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
