Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Төв аймгийн зарим сумдын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы оролцогчид 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, санхүүжилтийн загвар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаатай танилцлаа.

Сэргэлэн суманд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Алтанбулаг суманд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар тус тус ажилласан юм. Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Х.Ариун-Эрдэнэ анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлдэг талаар танилцуулав. Сэргэлэн сумын 758 өрхийн 2003 иргэнд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Сэргэлэн сум төмөр замын долоон өртөөтэй, хоёр талаараа засмал замтай учраас  зорчих хөдөлгөөн ихтэй. Тиймээс сумын иргэдээсээ гадна анхан шатны тусламж шаардлагатай  зорчигчдод эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Сумын Эрүүл мэндийн төв болон багийн төвүүдэд нийт гурван их эмч, 11 сувилагч, есөн үйлчилгээний ажилтан ажиллаж байна. Тус төв сүүлийн есөн жилд эх, хүүхдийн эндэгдэл гаргаагүй ажиллажээ.

Төв аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв нь нийт 4 багийн 3300 гаруй хүн амд хоёр их эмч, гурван бага эмч, таван сувилагч, эмийн санч, лабороант болон бусад туслах ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус төв гадны донор байгууллагуудын тусламжтайгаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Мобайл технологийн тусламжтайгаар олон эерэг ер дүн гарч байгаа талаар танилцуулж байсан юм.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, манай орон өргөн уудам газар нутагтай. Хүн ам сийрэг суурьшилтай учраас иргэн бүрт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх нь бэрхшээлтэй. Гэвч бидэнд хүрсэн үр дүн бий.  Ялангуяа Сэргэлэн сумын эрүүл мэндийн төв бол манай зочдын анхаарлыг татлаа. Эрүүл мэндийн төвөө өргөтгөж, анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэж байгаад талархаж байна. Бид харилцан бие биеэсээ туршлага судалж, суралцах зүйл олон байна. Тухайлбал, орон нутагтаа сувилагчаар ажиллаж буй хүнээ дахин суралцуулж, эмчийн мэргэжил эзэмшүүлэх нь алслагдсан газарт боловсон хүчний хомсдолд орохгүй байх бас нэг шийдэл гэж гадныхан туршлагаасаа хуваалцлаа  гэв.

Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, 2023 оны төсөвт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зардлыг нэг иргэнд 20 мянган төгрөгөөр тооцдог байсныг 60 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 93 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг хэрэгжүүлж байгаа ч бодит үр дүнг шаардаж байна. Тиймээс менежмэнтийг сайжруулж, эмч, сувилагч нарыг тогтвортой ажиллуулах, инновацийн шинэчлэл хийх шаардлагатай байна. УИХ-ын намрын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль болон анхан шатны эрүүл мэндийн чиглэлийн хуулиудыг хэлэлцэн баталж, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар ажиллана гэж ярив.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс дэх төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний газрын захирлын үүрэг  гүйцэтгэгч Ллуис Виналс Торрес хэлэхдээ,  Монголын Улсын эрүүл мэндийн салбарыг төлөөлөн Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.  Тус төв халдварт бус өвчнөөс  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа нь сайшаалтай.  Мөн гүйцэтгэлд суурилсан төлбөр тооцоо буюу  нэг хүнд ногдох санхүүжилт гэх мэт сонирхолтой шинэчлэлүүдийг хэрэгжүүлж буй нь зарим орнуудад туршлага болно гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.

Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.

АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.

Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.

Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.

Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв

Огноо:

,

Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.

Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.

Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.

Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.

Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.

Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.

Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.

ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.

Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал22 цаг 13 минут

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал22 цаг 20 минут

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..22 цаг 33 минут

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..22 цаг 37 минут

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал22 цаг 42 минут

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал22 цаг 46 минут

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал22 цаг 49 минут

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал22 цаг 55 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/08/13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Үйл явдал2026/08/13

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэ...

Үйл явдал2026/08/13

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмж...

Үйл явдал2026/08/13

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Үйл явдал2026/08/13

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Үйл явдал2026/08/13

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Санал болгох