Дэлхий нийтээр..
Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудал цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ”Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд 6 сарын 30-наас эхлэн 8 аймаг руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Тус онгоцны буудал 2011 онд ашиглалтад орсон ба 1542 м.кв талбайтай бөгөөд цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Цаашид уг тоог 300-д хүргэх зорилго тавин ажиллаж, зорчигчдод хүндрэл учруулахгүй байхаар төлөвлөлт хийж байгаа тухай “Дэглий цагаан” нисэх буудлын дарга Л.Энхтуяа мэдээлэв.
Цаашид тус онгоцны буудлыг олон Улсын стандарт руу оруулах, орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллах асуудлаар санал солилцов. Уулзалтад Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа болон албаны хүмүүс оролцлоо.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд МИАТ ТӨХК Ховд, Улиастай, Чойбалсан, Мөрөн, Өлгий, Даланзадгад, Алтай, Улаангом зэрэг чиглэлд долоо хоног бүр 2-3 удаа нислэг үйлдэж байна.
Тухайлбал:
• Завхан аймаг Улиастай чиглэлд долоо хоног бүрийн Даваа, Пүрэв, Бямба гарагт шууд нислэг үйлдэнэ.
• Хөвсгөл аймаг Мөрөн чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Пүрэв, Бямба гарагт шууд нислэг үйлдэнэ.
• Говь-Алтай аймаг Алтай чиглэлд долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт шууд нислэг үйлдэнэ.
• Өмнгөговь аймаг Даланзадгад чиглэлд долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Бямба гарагт шууд нислэг үйлдэнэ.
• Ховд чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Баасан, Ням гарагт нислэг үйлдэнэ.
• Увс аймаг Улаангом чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт нислэг үйлдэнэ.
• Баян-Өлгий аймаг Өлгий чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт нислэг үйлдэнэ.
• Дорнод аймаг Чойбалсан чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Ням гарагт нислэг үйлдэж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2022/01/18
Б.Бямбадорж: Иргэд IV тунд идэвхтэй хамрагдаж байна
-
Үйл явдал2026/05/15
“Бурхан багшийн их дүйчин өдөр”-ийг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ бо...
-
Дэлхий нийтээр..2024/01/24
Нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол чөлөөлөх ажил явагдаж байна
-
Дэлхий нийтээр..2025/08/13
Тээврийн прокурорын газраас зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг а...
