Дэлхий нийтээр..
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Улаанбаатар хотод болно
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, хүрэх явцыг түргэвчлэх ажилд хувь нэмэр үзүүлэх зорилгын дагуу АНУ-ын Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сангаас жил бүр Азийн бүс нутагт “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж иржээ.
Өнгөрсөн жилийн БНСУ-д болсон чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцож байв.
Энэ жил Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.
Чуулга уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирэхээр болжээ.
Мөн Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, “Боловсролын олон улсын харьцуулсан судлал”, “Олон улсын боловсролын бодлогын шинжилгээ” магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан, OnBoard компанийн үүсгэн байгуулагч Наоми Коши, Тайланд Улсын Таммасат Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор Чалидапорн Сангамфан, Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн Судалгааны төвийн дэд захирал, Япон судлалын хөтөлбөрийн захирал Киёотерү Цүцуй, Бүгд Найрамдах Филиппин Улсын Конгрессын гишүүн, Филиппиний Эмэгтэйчүүдийн Их сургуулийн үүсгэн байгуулагч Хосе Ф.Б.Бенитес, Индонезийн Их сургуулийн Жендэр судлалын сургуулийн профессор Миа Сискавати, Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун-Шил Ким нарын эрдэмтэн, судлаачид тус чуулга уулзалтад илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцоно.
Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд Жендерт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм.
Монгол Улс энэхүү чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна. Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж ирсэн юм.
Тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үздэг ч жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.
Мөн энэ үеэр Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэх ажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2025/07/22
Хууль бусаар мод болон байгалийн ургамал бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Дэлхий нийтээр..2022/04/19
ЦХХХЯ: Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
-
Үйл явдал2025/07/02
Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан
-
Үйл явдал2020/05/28
Малчдын дансанд ноолуурын урамшуулал шилжин орлоо
