Дэлхий нийтээр..
УИХ: Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа.
Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, энэхүү өөрчлөлт бол 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхэлнэ гэж цохон дурдаад, тус өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, улс төрийн намын, сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийгдэнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна гэлээ. Тэрбээр, өнөөдөр Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэж байна гэж үзэх ёстой хэмээн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ач холбогдлыг дүгнэн хэлээд, ард түмэн өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцсан, буруугаа илчилдэг, нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг юм гэсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2025/08/08
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж б...
-
Дэлхий нийтээр..2023/04/14
Их Британи Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болно
-
Дэлхий нийтээр..2020/06/18
ХХЗХ: Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд...
-
Дэлхий нийтээр..2021/10/22
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа
