Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнэ: УИХ, Засгийн газрын гишүүд жирийн иргэдээс хамаагүй давуу эрхтэй учраас тэр хэрээрээ хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ
УИХ-ын 2023 оны тавдугаар сарын 04-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”,“Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” хэмээн заасан байдаг. Эл агуулгаар Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээс илүү олон нийтийн үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр иргэдийг төлөөлж буй ард түмний элч, төр-иргэнийг холбосон итгэлцлийн гүүр билээ. Улс орнуудын урагшлан хөгжсөн, уруудан доройтсон түүхэн сургамжуудын үндэс ч төр-иргэний итгэлцлийн цөм болсон авлигаас ангид засаглалтай шууд холбоотой нь ойлгомжтой.
Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, нийслэл Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжийг хулгайлсан ноцтой баримтуудыг Монгол Улсын Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцэж байна гээд Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигын гэмт хэргийг илчлэн “шүгэл үлээж”, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг нийтийн албанаас “шүүрдэж”, хилийн чанадад оргон зайлсан авлигачдыг эргүүлэн авчрах “шувуу” ажиллагааг зохион байгуулж, оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг “шилжүүлэн авчирч”, төрийн байгууллагын ил тод, “шилэн” байдлыг хангах зорилго бүхий “5 Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа тухай танилцуулав. Тэрбээр цааш нь
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд авлигын эсрэг эрхзүйн багц шинэчлэлийг эхлүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Та бид хамтдаа энэхүү хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно.
Өнөөдөр энэхүү багц эрх зүйн шинэчлэлийн эхний хууль болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна гэв. Мөн энэхүү хууль батлагдснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа.
Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно гэв.
Түүний дараа уг хуулийн төслийн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.
УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулж байв.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ш.Адьшаа, М.Оюунчимэг С.Бямбацогт нарын гишүүд төрийн өндөр албан тушаалтын хүүхэд гэхээр сурч боловсрох эрхээ хасуулах, эхнэр, ах дүү нар албан тушаал хашиж болохгүй гэж хүний эрхийн асуудлыг хөндөж байгаа талаар асууж, төрийн өндөр албан тушаалтнуудыг ашиг сонирхлоос ангид байх, шударга ёсыг тогтоох, ёс зүй сахилга хариуцлагыг шинэ шатанд гаргах, төрийн нэр хүндийг хамгаалахад ахиц дэвшил авчрах хууль хэмээн үнэлж байв. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Ц.Идэрбат, Ц. Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Ц.Анандбазар нарын гишүүд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, нийгмийн шударга ёсыг тогтоох, төрийн өндөр албан тушаалтнууд манлайлал үзүүлэх зэрэгт энэхүү хуулийн төсөл шинэчлэл авчирна хэмээн дүгнэж, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд бол жирийн иргэдээс хамаагүй давуу эрхтэй, учраас тэр хэрээрээ хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. УИХ гишүүн бол сайн дурын үндсэн дээр Таныг төлөөлөх мандат авсан. Нэгэнт сайн дурын үндсэн дээр сонгогдсон бол хувийн эрх ашгаасаа буюу албан тушаал хашиж буй үедээ татгалзах ёстой. Гэр бүл, хамаатан садантайгаа ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй юм. Ингэснээр аливаа хардлага сэрдлэгээс ангид байх, албан тушаал эрх мэдлээ ашиглах бүх боломжийг хязгаарлагдана. Эцсийн дүндээ монгол төрийн нэр хүндийг хамгаалж, төлөөллийн ардчилал жинхэнэ агуулгаараа хэрэгжих соёлын эхлэл тавигдаж байна хэмээн ойлгож байна гэв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, эрх мэдэл, албан тушаалтай бол бизнесээ хамгаалах, хөрөнгөжих эх сурвалж гэсэн ойлголт буй болж, УИХ, Засгийн газарт орж чадвал энэ бүхэн биеллээ олно гэж зүтгэж, хөрөнгө мөнгө зарж зүтгэж буй нь нууц биш. Харин эрх мэдлээ ашиглах санаархлыг энэхүү хуулиар хааж чадснаар парламент мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн, жинхэнэ төлөөллийн ардчилал буй болох боломж бүрдэнэ гэж харж байна гээд Монгол Улсын авлигын үзүүлэлтийг сайжруулахын тулд “Транспэрэнси интернэшнл” ямар зөвлөгөө өгсөн вэ гэсэн асуултад Хууль зүйн сайд Х.Нямбаатар, хариуллаа. Тэрбээр манай улс авлигын төсөөллийн индексээр 2022 онд 180 орноос 116 дугаар байр эзэлж, 33 оноо авсан. Байгалийн баялгийг тэгш шударга хуваарилах, олон нийтэд хүртээмжтэй болгох эрх зүйн зохицуулалт хийх, нийтийн албанд ажиллаж буй албан хаагчдын хандлагыг өөрчлөх, төрийн худалдан авалтыг ил тод болгох, иргэдийн үндсэн эрхийг хангуулах талд зөвлөгөө өгсөн. Бид долоо хоног бүр нэг төрийн байгууллагыг сонгон индексийн талаар болон бусад мэдээлэл өгдөг тогтолцоог бүрдүүлж ажиллаж байна гэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 90,4 хувиар санал дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Түүний дараа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг танилцуулсан.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүний эрхийг хамгаалахад тус байгууллага хангалтгүй ажиллаж байгаа талаар шүүмжилж, Хүний эрхийн байгууллагын гишүүдийг сонгохдоо анхаарахыг хүслээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн согтууруулах эмгэгтэй болсон эцэг, эхчүүдийн хүүхдийн эрхийг хамгаалахад ямар ажил зохион байгуулж байгаа талаар асууж, хариулт авлаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2022/01/27
Б.Лхагвасүрэн: 2022 он банкны салбарт томоохон шинэчлэлийн жил болно
-
Үйл явдал2021/03/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2019/07/05
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам баталлаа
-
Дэлхий нийтээр..2025/11/13
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны а...
