Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн Бид”хэмээн эхэлж, “Мэдэгтүн! Сахигтун!”гэж төгсдөг. Энэ нь Үндсэн хуулийн үг, үсэг, цэг, таслал бүхэн гүн гүнзгий утга илэрхийлж, бүх нийтээрээ нийгмийн соёл, эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэхийн төлөө эрмэлзэх агуулгатай.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”,“Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” хэмээн заасан байдаг.
Эл агуулгаар Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээс илүү олон нийтийн үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөө өөрийнсайн дурын үндсэн дээр иргэдийг төлөөлж буй ард түмний элч,төр-иргэнийг холбосон итгэлцлийн гүүр билээ. Улс орнуудын урагшлан хөгжсөн, уруудан доройтсон түүхэн сургамжуудын үндэс ч төр-иргэний итгэлцлийн цөм болсон авлигаас ангид засаглалтай шууд холбоотой нь ойлгомжтой.
Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлигаардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, нийслэл Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжийг хулгайлсан ноцтой баримтуудыг Монгол Улсын Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна.
Монгол Улсын Засгийн газрын энэхүү бодлогыг дэмжиж, Улсын Их Хурлын хаврын чуулганыг “авлигын эсрэг чуулган байх болно” хэмээн тодорхойлсон Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Танд болон энэхүү шударга ёсны үйлсийг дэмжиж буй парламентын гишүүд Та бүхэнд баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүд ээ,
Тусгаар тогтнол, ардчиллын амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг хамгаалж, өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг цэглэж, ард түмний ашиг сонирхлыг дээдэлсэн, иргэний төлөөлөх эрхийг жинхэнэ утгаар хангасан, ёс зүйн манлайллаар хүлээн зөвшөөрөгдсөн шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн үүрэг хариуцлага өнөөдрийн парламентын гишүүд Та бидэнд ногдож байна.
Ёс суртахуун, сахилга хариуцлага, ардчилсан эрхзүйт нийгмийн манлайлал Та биднээс, өөрсдөөс маань, энэ танхимаас эхлэх учиртай. Ингэж чадахгүй бол баталсан хууль тогтоомжоо ягштал мөрдөхийг төрийн албан хаагчдаас, ард иргэдээсээ хэрхэн шаардах билээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигын гэмт хэргийг илчлэн “шүгэл үлээж”, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг нийтийн албанаас “шүүрдэж”, хилийн чанадад оргон зайлсан авлигачдыг эргүүлэн авчрах “шувуу” ажиллагааг зохион байгуулж, оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг “шилжүүлэн авчирч”, төрийн байгууллагын ил тод, “шилэн” байдлыг хангах зорилго бүхий “5 Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Олон жил салаалж ургасан, суурь нь газрын хөрснөө бэхжиж томорсон, системийн авлигын аварга том царс мод нүд ирмэх зуур нурчихгүй нь ойлгомжтой. Худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхээс эхлээд хууль шүүхийн байгууллагад шигтгэсэн хувалзуудаараа хугацаа хожих, улмаар хулгайг хамгаалах зохион байгуулалттай тогтолцоо үүсгэх зэргээр авлигын эсрэг тэмцлийг саармагжуулахын тулд эцсийн бүх л мэхээ хэрэглэх болно.
Бусад улс орнуудын авлигатай хийх тэмцлийн түүх ийм л байсан. Гагцхүү бид тууштай байж, ялах л учиртай.
Мэдээлэл ил тод, нээлттэй болж, иргэд мэдээлэлжин хэрсүүжих тусам авлигын систем задран унасаар байх болно. Зөв зүйл, үнэн байдал ялах нь цаг хугацааны л асуудал байдаг нь ардчилсан нээлттэй засаглалын давуу тал билээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд авлигын эсрэг эрхзүйн багц шинэчлэлийг эхлүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Та бид хамтдаа энэхүү хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно.
Өнөөдөр энэхүү багц эрхзүйн шинэчлэлийн эхний хууль болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа.
Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.

Энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж,төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болох юм.
Энэхүү хууль батлагдсанаар ирээдүйд олон улс төрчид, төрийн албан хаагчдыг болзошгүй авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалж чадна гэдэгт итгэж байна.
Цаашид төрийн албыг төрлийн алба болгохоос урьдчилан сэргийлэх, төрийн өмч, ажиллах хүчийг хувийн хэвшилд шилжүүлэх, төрийн албан хаагчийн цалинг нэгдсэн системд оруулж, бүтээмж, үр дүнд суурилсан өндөр цалинтай, цомхон чадварлаг нийтийн албан хаагчидтай байх суурь реформыг олон нийтийн идэвхтэй хэлэлцүүлэгт үндэслэн хийх болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2023/04/19
Энэтхэг улсад төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээлээ
-
Үйл явдал2020/08/09
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Үйл явдал2022/06/24
Чингис Хаан олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйл...
-
Дэлхий нийтээр..2025/07/03
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
