Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийлээ
УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Көвер Ласлог Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Унгар Улс нь Монгол Улсын хувьд Зүүн Европ дахь чухал түнш бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирснийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр, хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг. Манай хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлалын давтамж хадгалагдаж байгааг тодотгоод эртний түүхэн харилцаат Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал хоёр талын харилцааг өргөжүүлэх бодит үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудыг хамтын хүчин чармайлтаар давна гэдэгт талууд санал нэгдлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэх, харилцан ашиг сонирхол бүхий салбарт хамтын ажиллагааг баяжуулах, түүнийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой. Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тамгын газар болон Парламентын найрамдлын бүлгийн ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” хэмээгээд хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх, Тамгын газрын ажилтнуудыг солилцож, туршлага хуваалцах чиглэлд хамтран ажиллахыг хүсэв. Мөн УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгааны хүрээлэн болон Унгар Улсын Үндэсний Ассамблейн Мэдээллийн үйлчилгээний төв хооронд шууд харилцаа тогтоох, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх чиглэлээр тохирсон арга хэмжээг бодит үр дүнд хүргэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.
Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд УИХ-ын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүдийг тааламжтай цагтаа Унгар Улсад айлчлахыг урив.
Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, худалдааны эргэлтийн нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглээд оюутан солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд анхаарч ажиллана гэв. Мөн хоёр орны хооронд бодит хамтын ажиллагаа өрнүүлэх УИХ-ын даргын санал, санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Унгар Улсад суралцаж буй Монгол оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Унгар Улсын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих боломжтой болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг тодотгов.
Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчин, геологи, хөдөө аж ахуй, мал аж ахуй, агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хадгалахаа талууд нотлов.
Энэхүү айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгож, харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарахын төлөө хоёр улсын парламентын тэргүүн нар бүх талаар дэмжин ажиллахаа харилцан илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны 6 дугаар сард Монгол Улсад болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурал болон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганд төлөөлөгчөө оролцуулахыг хүслээ.
Хэлэлцээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Энхбаяр, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд С.Баатаржав, Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Хорват Ласло, Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга Др.Верешш Ласло, Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Гадаад харилцааны газрын захирал, Төрийн нарийн бичгийн дарга Др.Шарди Питер , Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Силади Золтан, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанский болон албаны бусад хүмүүс байлцав.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/02/17
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна
-
Дэлхий нийтээр..2022/05/17
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан бусдад давуу байдал бий болгож Авлиг...
-
Дэлхий нийтээр..2021/05/29
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /2021.05.29/
-
Дэлхий нийтээр..2021/02/04
СКАЙтел аппликэйшнд ороод оюуны цангаагаа тайлж, СУПЕР шагналын эзэн болцгооё
