Дэлхий нийтээр..
Газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах хүчитгэлийн бодлого төлөвлөлт, арга технологийн талаар туршлага судаллаа
Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийн хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан төлөөлөгчид Япон Улсад энэ сарын 17-26-ны өдрүүдэд сургалтад хамрагдаж, туршлага судаллаа.
Сургалтын хүрээнд төлөөлөгчид тус улсын сургууль, эмнэлэг, түүхэн дурсгалт газар зэрэг модон, тоосгон болоод бетон хийцтэй барилга байгууламжийг хэрхэн хүчитгэж байгаа, хүчитгэл хийснээр ямар ач холбогдолтой болохыг газар дээр нь үзэж, танилцсан юм.

Түүнчлэн газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах хүчтгэлийн бодлого төлөвлөлт, арга технологийн талаар судаллаа.
Япон Улс 2030 он гэхэд бүх барилга байгууламжийг хүчитгэж дуусгах зорилт тавиад байгаа ч орон сууцны хороолол тэр дундаа модон бүтэцтэй амины орон сууцны барилгын хүчитгэлийн явц харьцангуй удаашралтай байгаа аж.
Тус улс газар хөдлөлтийн гамшиг, түүнээс үүдэлтэй хор хохирлоос суралцан дахин давтахгүйн тулд урьдчилан сэргийлж төр, иргэд олон нийтийн оролцоотойгоор барилга, байгууламжийн хүчитгэлийг улсын хэмжээнд хийж хэрэгжүүлж байна.

Хүчитгэл хийснээр тухайн барилга газар хөдлөлтөд өртөхгүй, б хор хохирол амсахгүй байх боломжтойг онцолж байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
