Дэлхий нийтээр..
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол боллоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг сонсголыг даргалав. Сонсголын эхэнд хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийхээр товлож, зарыг 32 хоногийн хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж нээлттэй оролцохыг урьсныг дурдаад Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас хоёр хүний нэрийг дэвшүүлж Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд энэхүү сонсголоор нэр дэвшигчид уг албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготойгоор сонсголыг зохион байгуулж байгаа талаар танилцуулав.
Дэгийн дагуу сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг нэр дэвшигчдийг танилцууллаа. Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Жаргалсайханы Золзаяа нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2005 онд Отгонтэнгэр их сургууль, 2019 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Герман хэлний орчуулагч багш, маркетингийн мэргэжилтэй, Бизнесийн менежментийн магистр. 2007 -2008 онд “Монгол -Германы гүүр” төрийн бус байгууллагын төслийн зохицуулагч, 2008-2010 онд “Залуу маркетер” төрийн бус байгууллагын тэргүүн, 2011-2014 онд “Монголын маркетеруудын холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2001 оноос “Дримерс нэгдэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүнээр нь тус тус ажиллаж байгаа аж. Мөн 2016 оноос “Жи Си Ай Импакт” салбар байгууллагын гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, сенатороор ажиллаж байсан бөгөөд 2018 оноос “Стартап Маркетинг Спэйс” ХХк-ийг үүсгэн байгуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалтай.
Нэр дэвшигч Нямдаваагийн Монсор нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй. 2005-2006 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын мэдээлэл хангамжийн менежер, 2006-2007 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт даргын туслах, 2007-2010 онд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яаманд мэдээлэл хангамжийн менежер, 2010 оноос “Юу Эм Си Альфа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Ассет Менежмент” ХХК-ийн захирал, “Мандал дижитал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Мандал лайф” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Мандал ирээдүйн өсөлт” сан болон “Мандал хуримтлал хамтын сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг байна.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нар оролцов.
Дэгийн дагуу нэр дэвшигч нар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гишүүнээр томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухай өөрсдийн танилцуулга хийв. Нэр дэвшигч Н.Монсор, хувийн хэвшлийн салбарыг төлөөлж Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаагаа илэрхийлээд сүүлийн 10 гаруй жил эдийн засаг, санхүүгийн чиглэлээр олон нийтийн байгууллагад ажилласан туршлагатай тул Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн менежмент, санхүүгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах болно гэв. Хэрэв Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжигдвэл олон нийтийн санхүүгийн боловсрол олгох контент дээр түлхүү зөвлөж ажиллах болон контент бүтээхэд олон улсын судалгааны зарчмууд дээр тулгуурлан ажиллахаа илэрхийлэв.
Нэр дэвшигч Ж.Золзаяа, 2008 оноос хойш бизнес болон олон нийтийн байгууллага, залуучуудын байгууллагад ажилласан туршлагатай гээд Монголын маркетингийн салбарт хувь нэмрээ оруулан, салбарын залуучуудыг нэгтгэх, мэргэжлээ сурталчлах чиглэлээр олон улсын хурал, чуулганыг зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол Улсаа сурталчлах Hollywood in Mongolia арга хэмжээний ерөнхий зөвлөх, Цагдаагийн Ерөнхий Газраас зохион байгуулсан, олон нийтэд урьдчилан сэргийлэх кампанит ажилд зөвлөгөө өгч ажилласны зэрэгцээ, контент, кино урлагийн салбартай холбоотойгоор таван киноны гүйцэтгэх продюсер, маркетинг, хөрөнгө босгон ажилласан талаараа танилцууллаа. Мөн тэрбээр менежментийн чиглэлээр сүүлийн долоон жил гарааны болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалт босгох, бойжуулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, санал санаачилгыг дэмжих чиглэлээр ажиллаж, нийт 150 мянга гаруй залуучуудад сургалт зөвлөгөө өгч, энэ хугацаанд 200 гаруй бизнесийг дэмжиж 1000 гаруй ажлын байр шинээр бий болгож ажилласан талаараа дурдав. Мөн цахим шилжилтийн хүрээнд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж, мэдээлэл технологийн гарааны бизнесүүдийг дэмжин ажиллаж байна гэв. Менежмент, мэдээллийн технологи, маркетингийн чиглэлээр ажилласан туршлага дээрээ үндэслэн Олон нийтийн радио, телевизэд дараах хэд хэдэн зүйлийг хийхээр төлөвлөснөө танилцуулав. Үүнд, олон нийтийн радио, телевизийн дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулна, тус байгууллагын хамт олон, уран бүтээлчдийг бүтээмжийг сайжруулахад чиглэсэн орчин үеийн арга, аргачлалыг ашигласан сургалтуудыг хийхэд дэмжлэг үзүүлж анхаарч ажиллана мөн хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологи, шинжлэх ухаан, инновацийн чиглэлээр хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн шинэлэг контент хийхэд хувь нэмрээ оруулна гэв. Хэрэв Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэж ажиллахаа илэрхийлэв.
Ажлын хэсгийн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат танилцуулсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Ажлын хэсэг нийт 9 хүний материал хүлээж авснаас 4 хүний материал хуулийн шаардлага хангаагүй, шаардлага хангасан 5 хүнээс сонгон шалгаруулалтаа хийж, нэр дэвшигч Н.Монсорыг техник технологи, Ж.Золзаяаг эдийн засаг, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас сонгож нэр дэвшүүлж байгаа талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Г.Ганболд, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, олон нийтийн радио, телевизийн одоогийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа олон нийтийн чиг хандлагад хэр нийцэж байна вэ, олон нийтийн радио телевизийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай юу, тухайн байгууллагын дижитал шилжилт хийгдээгүй хэсэг байгаа эсэх, хэрвээ тоон технологи нэвтрээгүй хэсэг салбар байгаа бол хэрхэн шилжүүлэх вэ, нээлттэй зарласан 32 хоногийн хугацаанд нэр дэвшигчидтэй холбоотой асуулт, санал шүүмжлэл ирсэн эсэх, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн эсэх, олон нийтийн радио телевизийн хараат бус байдалд нөлөөлөх эрх ашгийн зөрчил бий эсэх талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүдийн асуултад нэр дэвшигч Н.Монсор, хэрэв Олон нийтийн радио телевизийн гишүүнээр дэмжигдэн ажиллах тохиолдолд тухайн байгууллагын төлөвлөгөө, тайлан тооцооны асуудалд Үндэсний зөвлөлийн гишүүдтэйгээ хамтран шийдвэр гарган оролцоно, бүтэц, зохион байгуулалтын хувьд одоогоор өөрчлөх гэсэн тодорхой санал байхгүй, үйл ажиллагаатай нарийн танилцаж улам илүү сайжруулах, бүтээмжийг өндөр болгох тал дээр анхаарч ажиллах болно гээд орчин үед контент бүхэлдээ гар утасруу шилжсэн, иймд технологийн хувьд энэхүү шилжилтийг хэрхэн зөв хийх вэ, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн архив, сан хөмрөгийг хэрхэн аюулгүй хадгалж, хамгаалах вэ гэдэгт анхаарах болно гэв. Харин нэр дэвшигч Ж.Золзаяа, дижитал шилжилт гэдэг бол зөвхөн сошиал медиа биш бөгөөд үзэж, сонсож байгаа хүн бүрт хүртээмжтэй ажил, амьдралыг нь илүү хялбар болгох технологийг хэлж байгаа тул Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийг хаанаас ч, хэзээ ч үзэж, сонсох тийм орчныг бүрдүүлэх нь дижитал шилжилт гэж харж байгаа, иймд энэ чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлэв. Мөн тухайн байгууллагын стратеги, зорилго, бүтэц, зохион байгуулалтыг дахин эргэж харах шаардлагатай гэж үзэж байна хэмээн хариуллаа.
Нэр дэвшигч Н.Монсор, Ж.Золзаяа нар бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийгээгүй, хувьцаа эзэмшдэггүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл, Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлд залуучуудын төлөөлөл орж ирж байгаа нь сайн хэрэг гээд тухайн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар онцлогтой байгууллага вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй гэдгийг сануулав. Тухайлбал, Улсын Их Хурал, Засгийн газар тухайн үед асуудлыг шийдэж Монголын Үндэсний Олон нийтийн телевизийг бүрэн тоон системд шилжүүлсэн бөгөөд Монголын Үндэсний Радио тоон системд шилжих процесстоо явж байгааг дурдав. Түүнчлэн Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз нь олон чадварлаг уран бүтээлчидтэй байгууллага. Иймд уран бүтээлчдийг бүх талаас нь дэмжих, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаас нь ажиллах ёстой. Тус байгууллагын Үндэсний зөвлөлийн талаар шүүмжлэл их гардаг. Ажил хаях тохиолдол ч гарч байсан. Үндэсний зөвлөл нь дотроосоо Хяналтын зөвлөл ажиллуулдаг. Аливаа зүйлийг дотроос нь хянадаггүй, хөндлөнгөөс хянадаг. Үүнийг харин нэр дэвшигчид анхааралдаа авч ажиллах нь чухал. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь тус байгууллагын бодлогыг зохицуулах, тодорхойлох үүрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй хэмээн зөвлөв.
Хуралдааны төгсгөлд, сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг, 2022 оны гуравдугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулагдан Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз, түүний Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэхүү ажлын хэсэг Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, олон нийтийн радио, телевизийн бодлого, үйл ажиллагаа нь олон нийтийн эрх ашигт нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргах, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоох, Төрийн аудитийн байгууллагын тайланд үндэслэн Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүжилт, түүний зарцуулалттай танилцах, олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах гэсэн үндсэн таван чиглэлээр шалгалт хийж, дүгнэлт, санал зөвлөмж гаргасан талаар дурдаад энэхүү дүгнэлт, санал зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг сануулав.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу, нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана, тухайн тайланг ажлын таван өдрийн дотор нэр дэвшигч, түүний санал болгосон этгээдэд хүргүүлж парламентын цахим хуудаст байршуулахыг дурдаад мөн байнгын хорооны хуралдаанд оруулж, санал дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж эцсийн шийдвэр гаргах болно гэдгийг танилцуулснаар сонсгол өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Үйл явдал2023/01/25
Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно
-
Үйл явдал2023/11/21
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Дэлхий нийтээр..2023/09/22
Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан илгээгээрэй
-
Үйл явдал2023/03/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
