Дэлхий нийтээр..
ҮББХ: Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
УИХ-ын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 25 минутад 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргаллаа. Засгийн газраас 2023 дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байгаа юм. Онцгой дэглэм тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүнд, үйл ажиллагаа ил тод бус, санхүүжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг нууцад хамааруулсан, ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байсныг тэрбээр танилцуулгадаа дурдав. Түүнчлэн тус компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагагүй алба, нэгжийг татан буулгах, ажилчдын сахилга хариуцлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч нүүрс олборлолт тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангуулах нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа гэлээ. Тухайлбал, нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгджээ. Компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн аж. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс хил нөхцөлд шилжүүлсэн, уулын ажлын гүйцэтгэл гүйцэтгэх зардлыг бууруулсан компанийн өр төлбөрийг барагдуулж ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн болохыг Д.Амарбаясгалан сайд танилцуулав.
Түүнчлэн ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамааруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгож, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн, компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд шаардлагагүй алба, нэгждийг татан буулгаж, удирдах ажилтны тоог бууруулсан хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн зэрэг үр дүнгүүд гарч эхлээд байгаа аж. Онцгой дэглэмийн хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түүхэн дээд амжилт болсон ба энэ нь 2022 оны борлуулалтын орлогын дүнгээс илүү байгаа аж.
Онцгой дэглэмийн хугацаанд сарын дундаж үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан байна. Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин тус тус өсчээ. Компанийн 500 сая ам.доллароос багагүй орлого олж гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүргийг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлогыг олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна. Тус компанийн хувьд өнгөрсөн 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого ашигтай ажилласан байна. Цэвэр ашиг нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхнээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 445.6 сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, бондын 120 орчим сая ам.долларын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны орлогоор төлөх боломжийг бүрдүүлэн, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 169.2 сая ам.доллароор бууруулсан байна.
Нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 224000 тонн коксжих нүүрс 192000 тонн эрчим хүчний нүүрс нийт 416000 тонн нүүрсийг биржээр хил нөхцөлөөр амжилттай борлуулж, нүүрс олборлохоос экспортлох үе шатыг ил тод болгон төсөв төвлөрүүлэх татвар хураамжийн төлөвлөгөөг 1.6 дахин буюу 470.5 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Мөн тээврийн тендерийг амжилттай зохион байгуулж “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож нүүрсийг хил хүртэл тээвэрлэх, борлуулах бэлтгэлийг хангуулжээ. Биржээр борлуулсан нүүрсийг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс “Ганц мод” боомтод хүргэж эхэлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн үед шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч Тавантолгой нүүрсний ордын эдийн засгийн өгөөж үр ашгийг сайжруулах, нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх, нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг зардлыг бууруулах, нээлттэй ил тод байдлыг хангуулах нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулж үүссэн нөхцөл байдлыг бүрэн арилгах үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.
“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Д.Батлут, Г.Ганболд, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, үг хэлэв. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлаад 31 жил болж байгаа бөгөөд түүнтэй нийцээгүй хууль хүчингүй болгох, Үндсэн хуульд нийцсэн хууль тогтоомжийг батлах эрх зүйн шинэтгэлийн үйл явц тасралтгүй явагдаж байгааг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Зарчмын хувьд Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоомжийг мөрдөхгүй байх ёстой ч шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан, одоо хэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээг тэрбээр онцлон дурдав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгах асуудлыг 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Улсын Бага Хурлаас баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль дахь “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байх, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө БНМАУ-ын Бага Хуралд оруулж байхыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай. БНМАУ-ын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэх заалтыг үндэслэн хэлэлцэж байгааг дурдаад, тодруулга хийсэн юм. Монгол Улсын эрх зүйн орчинд 1992 оноос өмнө батлагдсан хэд хэдэн хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байгааг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан хэлээд, эдгээрийг шинэчлэн найруулах, өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх шаардлага бий гэв. Судлаачид, мэргэжилтнүүдтэй энэ талаар санал солилцож, судалгаа дүгнэлт гаргуулсан бөгөөд Засгийн газар өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд, Үндсэн хуульд нийцсэн шийдвэрүүдийг гаргуулахаар Улсын Их Хуралд төслийг өргөн мэдүүлсэн байна. Энэ төслийн зэрэгцээ Ерөнхий сайдаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад дээрх хуулиудын шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах үүргийг өгсөн талаар мэдээлэл өгөв. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг 3-5 жилээр хянаж байх шаардлагатай бий бөгөөд ирэх оны төсөвт үүнтэй холбоотой төлөвлөлтийг тусгана гэдгийг Д.Амарбаясгалан сайд хэлсэн.
Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон нь оновчтой байсныг үр дүнгийн мэдээллээс харж болно гэж М.Оюунчимэг гишүүн хэлээд, онцгой дэглэмийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, мэдээлэл авсан юм. Тогтоолын төслийг дэмжиж байгаагаа Ц.Анандбазар гишүүн илэрхийлээд, онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бий болсон хөрөнгө, орлогыг зохистой зарцуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хэлбэрээр эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг санал хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн үед гарсан үр ашгийг тогтворжуулах зорилгоор хугацааг нэг удаа сунгах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Батжаргал гишүүн илэрхийлээд, гэхдээ цаашид эрх зүйн орчныг бүрдүүлээд, удирдлагаас үл хамааран үйл ажиллагаа нь тогтовортой үргэлжилж байх шаардлагатай гэлээ. Тиймээс эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжуудыг нэн яаралтай шинэчлэн, өргөн мэдүүлж, батлуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Хувьцааны ноогдол ашиг тараах эсэх асуудал дээр хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв. С.Ганбаатар гишүүн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, үндэслэлээ тайлбарласан юм. Нүүрсний үнийг богино хугацаанд, ханшийн өөрчлөлттэй уялдуулан өөрчилж байх шаардлага, үндэслэлийн талаар Г.Ганболд гишүүн санал хэлэв. Түүнчлэн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг урд хөршийн төмөр замын сүлжээтэй холбох, олборлолтын талбарт лаборатори барьж, нүүрсээ ангилж, тэр бүрд тохирсон үнээр худалдаалах нь зүйтэй гэдэг саналуудыг мөн хэлсэн. Онцгой дэглэм тогтоосон үед байгуулсан гэрээ болон тухайн үеийн нөхцөлд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт бий эсэхийг О.Цогтгэрэл тодрууллаа. Онцгой дэглэмийн үед нэг ч гэрээ байгуулаагүй гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлээд, өмнө нь “нууц” гэдэг ангиллаар гэрээ байгуулдаг байсныг өөрчилсөн гэв. Тухайн компани дээр нууцад хамааруулж ажил, арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн болохоо хэлэв. Борлуулалтын олборолтын хугацаа нь дууссан гэрээнүүдийг дуусгавар болгоод, хугацаа нь болоогүй гэрээнүүдийг хил нөхцөл рүү шилжүүлэх байдлаар худалдан авагчидтайгаа хэлцэл хийж байгаа гэлээ. Тодруулбал, уурхайн ам нөхцөлтэй 103 гэрээнээс хугацаа нь болоогүй байгаа 87 гэрээг хил нөхцөл рүү шилүүлээд байгаа гэлээ.
Ийнхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2024/10/28
Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй...
-
Үйл явдал2025/07/10
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/04/28
Компанийн засаглал түүний ач холбогдлын талаар хэлэлцлээ
-
Хэн юу хэлэв...2021/08/23
Г.Занданшатар: Авлигын дагнасан шүүхтэй болох талаар судалж танилцуулахыг даалга...
